Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн иргэд ажилгүйчүүдийн татварын эсрэг тэмцэж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Беларусийн баруун өмнөд хэсгийн Пинск хотод олон зуун иргэн гудамжинд гарч, тус улсын засгийн газраас санаачилсан “ажилгүйчүүдийн татвар”-ын эсрэг тэмцэж эхэллээ.

Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко хэдийгээр шинэ татварын хуулийн хэрэгжилтийг дараа жилээс болгон хойшлуулж, алдаагаа засах үүрэг өгсөн ч өчигдөр буюу Бямба гарагт тэмцэл үргэлжилсэн байна.

Зөвлөлтийн үеийн хууль дүрмийн нэг хэлбэр болсон “ажилгүйчүүдийн татвар” нь нийгмийг паразитуудаас салгахад тустай гэж Лукашенко хэлж байсан юм. Гэвч энэ санаачилга 10 сая хүн амтай Беларусьт тэр дороо эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Хуулийн дагуу календарийн жилийн талд хүрэхгүй хугацаанд ажил хөдөлмөр эрхэлдэг, тус улсын хөдөлмөрийн биржид бүртгэлгүй иргэдээс тусгай татвар авахаар болсон юм.

Гэхдээ бүртгэлтэй ажил хайгчид, гэрийн эзэгтэй нар, фермэрүүд, Орост ажиллаж байгаа иргэд үүнд хамрагдахгүй ажээ.

Пинск хотын төв талбайд цугларсан иргэд өөрийн тэмцлийг “Паразит биш иргэдийн жагсаал” гэж нэрлэсэн байна.

Иргэдийн зарим нь одоогийн Беларусийн далбааг барьсан бол өөр хэсэг нь ЗХУ-д нэгдэхээс өмнө 1918 онд хэсэгхэн хугацаанд оршиж байсан Беларусийн бүгд найрамдах улсын цагаан-улаан-цагаан судалтай далбааг барьжээ.

Жагсагчдын зарим нь одоогийн эрх баригчдыг огцруулах, шударга сонгууль явуулахыг уриалсан уриаг хэлж байв.

Нэгэн иргэн “Беларусьт гамшиг тохиолдож байна. Бид тэвчээрийн хязгаартаа хүрлээ. Брежневийн үед ч бид өнөөдрөөс 100 дахин сайхан амьдарч байсан юм шүү” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Өнөөдөр буюу Ням гарагт Бабруиск, Ворша, Рахачоу зэрэг хотуудад жагсаал үргэлжлэхээр болсон байна. Нийслэл Минск хотын захиргаа жагсаал хийх зөвшөөрөл өгсөн тухай тэмцэгчид бас мэдээлжээ.

Лукашенко хэдийгээр шинэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулах даалгавар өгсөн ч нийгмийн хэв журмыг хангах үүргийг дотоод хэргийн сайддаа мөн өгсөн тухай Беларусийн БелаПАН агентлаг мэдээлжээ.

Александр Лукашенког АНУ “Европын сүүлчийн дарангуйлагч” гэж нэрлэдэг ба сүүлийн 20 гаруй жил Беларусийг дангаар захирч байгаа юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty