Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц. Баатархүү: Ажлын хэсэг байгуулж Баянзүрхийн асуудлын хүрээнд шуурхай ажиллана

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасан билээ. Уг захирамжийг тус дүүрэгт олонхи болсон АН-ын ИТХ-ын төлөөлөгчид хүлээж авахаас татгалзаж, суулт  зарласан хэдий ч цагдаагийн байгууллагаас албадан тараахад хүрээд байсан юм.

Гуравдугаар сарын 6-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. 

Гэвч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хууль бусаар гаргасан захирамжаа өмгөөлж, хамгаалсаар байгаа нь түүний гаргасан "Уриалга"-аас тодорхой байна хэмээн Ардчилсан Намынхан үзэж буй. 

Ийнхүү өнөөдөр НИТХ-н Ардчилсан Намын бүлгээс нээлттэй мэдээлэл хийсэн юм. 

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц. Баатархүү "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж шүүхийн шийдвэр дээр унаж байгаа. Баянзүрх дүүргийн сонгуулийн хороотой адилхан С.Батболдын гаргасан захирамж буруу гэдэг нь нотлогдсон.

Мөн, хэвлэл мэдээллээр шүүхийн бүх шийдвэрүүдийг нээлттэй тавих хэрэгтэй. МАН-ын бүлэг шүүхийн шийдвэрийг ил гаргахгүй, зөвхөн асуудлыг улс төржүүлсэн өнцөгөөс тайлбарлаж байгаа нь мэдээллийг нуун дарагдуулж байгаа хэлбэр гэж бид үзэж байна.

Түүнчлэн, цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа үзэгдэл гэж бид үзэж байгаа. Иргэдийн жагсаал цуглааныг хамгаалах байтал хувийн дугаарыг нь аваад Баянзүрх дүүргийн Засаг даргын байранд байдаг камеруудыг скочоор далдалж ажилласан цагдаагийн байгууллагуудтай бид хуулийн хүрээнд хариуцлага тооцно. Хамгийн сүүлд нь гэвэл, НИТХ-н АН-ын бүлэг Ажлын хэсэг байгуулж ирэх долоо хоногоос энэхүү асуудлын хүрээнд шуурхай ажиллах болно" хэмээв.

Мөн энэ үеэр АН-ынхан "Энэ бүх хүч түрэмгийлсэн, хуулиас давсан бусармаг үйлдлүүдийн эсрэг дуу хоолой нь болж шударга ёсны төлөө АН хүчтэй тэмцэх болно. АН-ын удирдлагын зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа" хэмээн мэдэгдлээ.