Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын байр хаана байгаа вэ?

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээж, UB Мартын урд байгаа биз дээ, гэж хэн бүр хариулна. Зарим нэг нь Урчуудын эвлэлийн хажууд байдаг биз дээ гэж уурлаж байж ч мэднэ.  Гэвч одоо байгаа барилгатай энэ асуулт огт холбоогүй. Энэ асуулт баригдаж ч эхлээгүй, хэзээ баригдах нь мэдэгдэхгүй, тэгсэн мөртөө олон түмнээс хөрөнгө цуглуулсан, Ардчилсан намын байртай холбогдоно.

Баригдаагүй барилга

Соёлын төв өргөө, Дуурийн театр гэх хоёр байшингийн голд нэгэн байр байсан нь Ардчилсан намын байр байлаа. Урдаа Ардчилсан намын лого бүхий гурвалжин хөшөөтэй байр байсныг уншигч та санаж байгаа байх. Ардчилсан намын тухайн үеийн удирдлагууд байраа бага гэж үзэн Ардын намтай уралдаж, шинэ байрны тухай яриаг эхлүүлж байв.Тухайн үед Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь Ц.Оюундарь ажиллаж байлаа. Одоогоос яг долоон жилийн өмнө Ардчилсан намын барилгын ажилд гишүүд дэмжигчдийн 80 гаруй сая төгрөг цуглараад байгааг өдөр тутмын сонинуудаар мэдээлэв.

“...Ардчиллыг дэмжигч гишүүдийн хандив 80 гаруй сая төгрөг болоод байна. Мөн топ 100 аж ахуйн нэгжүүдээс нийлээд 100 гаруй сая төгрөг цугларчээ...”  Улстөрийн тойм сонины 2010 оны 9-р сарын 22-ны дугаар

Хандив үүгээр дуусахгүй. Тухайн үеийн удирдлагууд хөдөө орон нутгаар явж, орон нутгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт зохион байгуулж, улмаар тэр уулзалтын дүнд зөвхөн хөдөө орон нутгаас л гэхэд 40 орчим сая төгрөг цугларсан талаарх баримт бий. Ийнхүү гишүүд дэмжигчид, аж ахуйн нэгжүүд, жирийн иргэд хандив өгсөөр байсан ч барилгын сураг чимээ гарахаа байв. Ардчилсан намын ахмад болон залуу үеийн төлөөлөл одоог хүртэл гоё нэртэй өргөөгөө хүлээж, хоёр даргынхаа нүүрийг үзээд байна.

Барилга нээрээ хаана байна...

Ардчилсан намынхан барилга бариулах гэж мөнгө цуглуулж байснаа шинэ даргын сунгааны үеэр гэнэт санав. Санагалзсан гишүүд, дэмжигчид хэвлэлийн хурал хүртэл зарлаж, барилгынхаа сургийг асууж байлаа? Гэвч тухайн үедээ илт харамссан гэхээсээ илүү улстөрийн шинж чанартай байсан нь бас нэгэн эргэлзээ төрүүлдэг. Ардчилсан намын гишүүдийн хэлж байгаагаар тухайн үедээ барилга баригдахгүй байсан нь Худалдаа хөгжлийн банканд зарсантай холбоотой. Хэдийгээр энэ талаар Худалдаа хөгжлийн банк ч, тухайн үед намын дарга байсан Н.Алтанхуяг ч тоймтой хариу хэлдэггүй ч гишүүд дэмжигчдийн дийлэнх нь энэ гаргалгаанд итгэдэг. Гаргалгаа, нотолгооны аль нь ч бай, намын байр баригдахгүй байгаа нь ганц үнэн.

“...Нийслэлээс тогтоол гаргуулж Соёлын төв өргөөний хүзүүвч гэж нэрлэж буй байрыг 324 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Дараа нь худалдагдсан сураг дуулдсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж юунд зарцуулсан тухай одоогоор би мэдэхгүй байна...” Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас

Тухайн үед хандив хэрхэн цуглуулж, чухам яагаад зарагдсаныг бид ч, одоогийн удирдлагууд нь ч мэдэхгүй байна. Гэхдээ тухайн үед Ардчилсан намын даргаар Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Оюундарь ажиллаж байжээ.

“Намын байрыг би хувьдаа завшсан зүйл байхгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд болсон” гэж Н.Алтанхуяг намын даргын сунгааны үеэр ярьж байлаа.

Шинэ даргын мөрөөдөл...

 
Гэрэл зургийг mpa.mn

 

Өмнөх хоёр ч сонгууль, хоёр ч даргын мөрөөдөлд байсан намын байр шинэхэн дарга С.Эрдэнийн мөрөөдөл болон хувирчээ. Байргүй удсан Ардчилсан намыг бэнчинтэй дарга суудалдаа суумагцаа “Шонхор Тауэр”-т аваачиж, нэрийг нь хүртэл солиод байна.

“Ямар ч байсан нам өөрийн өмчлөлийн байртай болтлоо хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, хуучин байранд байсан шигээ чихэлдэхгүй, тохилог орчинд чөлөөтэй ажиллахаар боллоо. Хуучнаа бодвол АН-ын нүүр царай өөр болж байна” гэж Ардчилсан намын шинэхэн дарга Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хэзээ ч баригддаггүй байртай АН одоо орсон байр нь ч асуудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэр их хүсэл тэмүүллээр сургалтын төв барих гэж байгаад маш том оффис болсон уг барилгыг одоогийн дарга барьсан. Шинэ дарга 2018 онд сургалтын төв ашиглалтад орно гэж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд мөрөөдөл хэвээр л байна.

Мөрөөдөл биелдэг юм...

Намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдож байгаа энэ цаг мөчид намын шинэхэн дарга шинэ байрны төсөл эхлүүлж, ирэх сонгуулиас өмнө шийдвэрлэх талаар олон нийтэд зарлаад удаагүй байна. Өмнөх даргын тухайд ямар ч байсан хуулийн хүрээнд ажилласан гэж тайлагнаж байгаа ч гишүүд дэмжигчдэдээ 14 тэрбумтай холбогдох бодлого үлдээсэн Н.Алтанхуяг ч өөрөө түмэн асуудал дунд байгаа. Шинэ удирдлагууд аудитын шалгалт ч оруулахаар болсон. Шинэ даргын дэргэд хандив цуглуулсан намын байр болон тухайн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, аудитын шалгалт хийхээр болжээ. Аудитын дүн гарсны дараа гишүүд дэмжигчдэдээ нээлттэй танилцуулна.

Мөрөөдөл биелдэг юм гэдэг үг 180 гаруй сая төгрөгийн хандив, 14 тэрбумын наймааны үнээр Ардчилсан намын 150 гаруй мянган гишүүдэд, арав гаруй жилийн дараа ирлээ.