Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г. Уянга: Жинхэнэ эзнийг нь байцааж хэргийн учрыг олно гэдэгт найдаж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г. Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар гурван зүйлтэй мэдээлэл 2017 оны хоёрдугаар сарын 22-нд Авлигатай Тэмцэх Газарт /АТГ/ хүргүүлжээ.

АТГ-аас өнөөдөр түүнийг дуудаж зарим зүйлийг асуусан байна.

Энэ талаар Г. Уянга " Эдгээр баримтуудыг холбогдох газрууд шалгаж тогтоох ёстой. Үүнийг АТГ авлигын хэрэг мөн үү биш үү гэж үзэх нь бидэнд сонин байна. Одоогоор АТГ хэрэг үүсгэн шалгаж байгаа байх гэдэгт найдаж байна.

Өнөөдөр надаас АТГ-аас эдгээр мэдээллээс өөр юуг мэдэх вэ гэсэн асуултыг асуусан. Би мэдэх бүх зүйлээ албан бичигтээ өгсөн. Тиймээс та бүхэн жинхэнэ эзнийг нь байцааж энэ хэргийн учрыг олно гэдэгт найдаж байна гэж хэллээ" хэмээн ярилаа.

АТГ-т хүргүүлсэн гурван зүйлтэй мэдээлэлд:

  1. 2012 онд Ц.Элбэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан. “Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй.
     

     

  2. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ-д зориулж 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан. Энэ бол илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй юм. “Оюу Толгойн” гэрээ болон бусад гэрээ хэлэлцээр цаг ямагт Монгол Улсад халтай байдгийн гол бөгөөд үндсэн, далд бөгөөд суурь шалтгаан нь үүнд нуугдаж байна гэж үзэж байна.
     
  3. МУ-ын ерөнхийлөгч гадны шашны гаж урсгал МҮҮН-ий байгууллагатай холбоо тогтоон санхүүжилт босгож байсан талаар ноцтой баримтууд цахим сүлжээгээр тархсан. Гадны элдэв гаж урсгал улсын хилээр чөлөөтэй нэвтэрч, залуусын оюун санааг илтэд хордуулж байгаа, түүнд төрийн тэргүүн холбоотой талаар баримттай мэдээлэл цацсаар атал байр суурь илэрхийлэхгүй байгаа нь тус сүлжээнээс санхүүжилт авч байсантай холбоотой, авлигын ноцтой сэжиг байж болзошгүй хэмээн үзэж байна гэжээ.