Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын пуужингийн туршилт Япон дахь АНУ-ын баазад цохилт өгөх сургуулилалт байсан

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн өглөө харвасан пуужингууд нь Япон дахь АНУ-ын цэргийн баазад цохилт хийх сургуулилалт байсан тухай Хойд Солонгосын төрийн төв хэвлэл өнөөдөр мэдээллээ.

Энэхүү туршилтыг Японы ерөнхий сайд Шинзо Абэ “аюул заналын шинэ шат” гэж тодорхойлсон юм. Хойд Солонгос дөрвөн пуужинг зэрэг харвасан нь өөрийн цэрэг зэвсгийн өсөн нэмэгдэж байгаа хүчин чадлыг харуулсан явдал болсон байна. Пуужингийн туршилтыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр удирдаж явуулсан тухай мөн мэдээлжээ.

Эдгээр дөрвөн пуужингийн гурав нь Японы харьяаллын усан бүсэд туссан юм.

Үүнээс гадна Ким Жон Ун өөрийн армид “дайн дэгдэхэд ойрхон байгаа цаг үед намы төв хорооны өгсөн тушаалын дагуу дайсны байрлалуудад цохилт өгөх өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг” тушаасан тухай хэвлэлд мэдээлсэн байна.

Хэдийгээр өмнө нь ч Японы усан хил дотор пуужин харвах тохиолдол гарч байсан ч энэ удаа нэг байрлалаас олон пуужин зэрэг харвасан явдал нь Хойд Солонгосын аюул занал шинэ түвшинд гарсныг харуулж байна гэж Токио үзэж байгаа юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Хойд Солонгос мөн гурван пуужин харвасан нь Хоккайдогийн Окушири арлын эргээс 200-250 км зайнд тусаж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times