Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахилгаан халаагуурт шилжсэн айлуудын хүүхдийг усан бассейнд үнэ төлбөргүй суралцуулна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг "Мэдээллийн цаг"-аар өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөө болон түүний үр дүнг танилцууллаа.

Баянгол дүүрэгт өнгөрсөн жилээс эхлэн дүүргийн иргэдийн эрүүл мэнд, гэр бүл, боловсрол руу чиглэсэн олон ажил түлхүү хийгдэж эхэлжээ.

БГД-ийн Засаг дарга С.ОдонтуяаАгаарын бохирдол бол бидний хувьд нэлээд тулгамдаад буй асуудлуудын нэг. Манай дүүргийн хувьд айлуудыг урамшуулах журмыг баталсан.

Энэхүү журмаар цахилгаан халаагуурт шилжсэн буюу нүүрс түлдэггүй айлуудын хүүхдүүдийг усан бассейнд үнэ төлбөргүй суралцуулах эрхийн бичиг гаргаж, хүүхдүүдийг бүртгэх ажил хийгдэж байна.

Усан спорт бол хүний уушгийг цэвэрлэх хамгийн чухал ач холбогдолтой. Тиймээс бид “Утааны эсрэг усан спортын вакцин” аяныг хэрэгжүүлж, хүүхдүүдийн усан спортод дуртай болгох ажлыг эхлүүлээд байна. Нийт найман гэр хорооллоос 80 орчим хүүхдийн эрхийн бичгийг бэлдээд, удахгүй гардуулж өгөх гэж байна.

Мөн иргэдийн хамгийн их бухимдаж буй асуудал бол нийтийн эзэмшлийн талбай дээр орон сууц баригдаж, хүүхэд тоглох газар байхгүй, ногоон байгууламж байхгүй, машины зогсоолгүй болох зэрэг асуудлууд байгаа.

 

Тиймээс бид Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн байгаа. Дээрх асуудлуудыг шийдвэрлээгүй бол барилга байгууламж, орон сууц бариулахгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн машины зогсоол, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, тоглоомын талбайгаа хангасан тохиолдолд бид орон сууц бариулах болно” гэлээ.


Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 100 хоногийн дотор,

  • Дүүргийн ахмад настны нөхөн сэргээх болон хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг бүрэн засварлаж дуусгахад анхааран ажиллаж, харааны бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж, дүүргийн 8-р хорооны шинэ цогцолбор барилгын ажлыг эрчимжүүлэн ашиглалтад оруулах,
  • Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургуульд хамрагдах идэвхи, оролцоог нэмэгдүүлж, 77, 95, 242 дугаар цэцэрлэгүүдийн өргөтгөл, шинэ барилгын ажлыг дуусгах,
  • Техник, технологийн дээд сургуультай хамтран ЕБС-ийн сурагчдыг инженер сэтгэлгээтэй болгох, мэргэжлээ зөв сонгоход туслах зорилгоор "Ирээдүйн инженерүүд” хөтөлбөрийг санаачлан сурагчдыг Япон улсыч Коосэн сургалттай танилцуулан, Япон багш нараар хичээл заалгаж эхлүүлэх,
  • “Архигүй Баянгол" хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Хүүхэд багачуудыг бага наснаас нь бусдыг хүндэтгэх, мэндлэх ёсонд сургах зорилгоор дүүргийн бүх сургууль, цэцэрлэгүүдэд “Зөв мэндчилж сурцгаая" аян өрнүүлэх,
  • Сурагчдыг тэсвэр хатуужил, эх оронч үзэл амьдрах ухааны мэдлэг эзэмшүүлэх зорилготой, практикт суурилсан “Эх орон-36 хөтөлбөрийг дүүрэгтээ хэрэгжүүлэх,
  • Эмнэлгийн салбарт олон шинэ санаа, санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байгаагийн нэг нь дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ, бодлого арга зүйг шинэчлэх зорилготой "Эрүүл мэндийн зөвлөл" болон “Бүтээмж менежментийн баг”-ийг тус тус байгуулан ажиллуулах,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих пейж хуудсыг нээн ажиллуулж, тэдний санал хүсэлтийг сонсох, хууль эрхзүйн болон цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээ тайлагналаа.