Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Монгол Улсын Шүүхийн өмнө өөрийн гаргасан шийдвэрийг нотлох болно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Баасан гарагт Баянзүрх дүүрэгт болсон үйл явдал болон өнөөдөр гарсан шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тайлбар өглөө.

Тэрбээр “2016 оны аравдугаар сард болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдаж Засаг даргууд томилогдсон.

Нийслэлийн найман дүүрэгт болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, найман дүүргийн Засаг даргыг батламжилсан.

Харин Баянзүрх дүүрэгт сонгуулийн маргаан гарч, шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацаанд дүүргийн сонгуулийн хороо өөрсдөө шийдвэрээ гаргах ёстой гэдэг үүднээс би хүлээцтэй хандсан.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн тойргийн хороо шийдвэрээ гаргаж, үүнийг үндэслэн би захирамжаа гаргаж, Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох захирамж гаргасан. Энэхүү шийдвэрээ Пүрэв гарагт Баянзүрх дүүрэгт очиж сонсгосон.

Гэвч үүнийг Баянзүрх дүүргээс Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон Ардчилсан намын гишүүд эсэргүүцсэн.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс надад "Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон хоёр шийдвэрийн үйлчлэлийг түтгэлзүүлж байна" гэсэн шийдвэрийг ирүүлсэн.

Миний хувьд шийдвэрээ гаргахдаа хууль зүйн үндэслэлтэй гаргасан учраас шийдвэрээ хаана ч хамгаалахад бэлэн байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэж миний захирамжийн үйлчлэл зогсож байна.

Тэгэхээр хуучин нөхцөл байдал дахин сэргэж байна гэсэн үг. Гэхдээ би Монгол Улсын Шүүхийн өмнө өөрийн гаргасан шийдвэрийг нотлох болно” хэмээн тайлбарлалаа.