Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ энэ онд эдийн засгаа 6.5 хувьд хүргэх зорилт тавилаа

Монголын мэдээ
2017 оны 3 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн тавдугаар чуулган өчигдөр Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэллээ. Чуулганы нээлтийн үеэр тус улсын Ерөнхий сайд Ли Көцян засгийн газрын ажлын тайланг өргөн барьсан байна. Уг тайланд дурдсанаар, БНХАУ 2017 онд эдийн засгаа 6.5 хувиар өсгөх зорилт тавьжээ.

Энэ нь өнгөрсөн оны зорилтоос 0.5 хувиар бууруулсан үзүүлэлт юм. Мөн тус улс эдийн засгаа өсгөх зорилтыг гурван жил дараалан бууруулж байгаа нь энэ аж. Эдийн засгаа өсгөх зорилтыг бууруулснаас үзвэл Хятад улсын удирдагчид Засгийн газрын бүтцийн шинэчлэл хийх ажлын хүрээнд автомашин болон орон сууцны зах зээлийг "хөргөх"-өөр төлөвлөж байгаа нь харагдаж байна гэж шинжээчид хэлжээ.

Мөн БНХАУ-тай хийж буй гадаад худалдааны алдагдлыг арилгах арга хэмжээг авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амласантай холбоотойгоор эдийн засгаа өсгөх зорилтыг Бээжин буурууллаа гэж шинжээчид үзэж байна. 2016 онд Хятад улсын эдийн засаг 6.7 хувиар өссөн билээ.

Энэ нь тус улсын эдийн засаг сүүлийн 26 жилийн түүхэнд хамгийн бага хувиар өссөн үзүүлэлт юм. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 2020 он гэхэд 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна гэж Хятад улсын удирдагчид мэдэгдээд, “ингэхийн тулд 2020 он хүртэл эдийн засгаа наад зах нь 6.5 хувиар өсгөх шаардлагатай” гэлээ.

Зураг