Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Харвардын их сургууль боолчлолын түүхтэй холбоотойгоо анх удаа хүлээн зөвшөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Харвардын их сургууль колонийн үеийн боолчлолтой холбоотой түүхээ хүлээн зөвшөөрч, анх удаа олон нийтэд зарлалаа.

Харвардын зохион байгуулсан сургуулиуд-боолчлолын харилцааны түүхийн талаар хэлэлцсэн хурал дээр тус сургуулийн ерөнхийлөгч Дрю Фауст өнгөрсөн түүхийн гашуун үнэнийг хүлээн зөвшөөрснөөр урагш алхах боломж нээгдэнэ гэж мэдэгджээ.

Фауст “17 дугаар зуунд байгуулагдсан үеэсээ эхлээд 1783 оны Массачусетсийн боолчлолыг зогсоох тунхаг гарах хүртэл Харвард боолчлолтой шууд холбогдож ирсэн юм” гэж нээлтийн илтгэлдээ хэлсэн байна.

Тухайлбал Харвардын хоёр ч ерөнхийлөгчийн үед боолуудыг сургуульд ажиллуулахаар авчирч байсныг түүхчид нотолжээ. Мөн сургуулийг үүсгэн байгуулахад гол хандивлагч болсон хүмүүс нь боолын наймаа, боолын хөдөлмөрөөр баяжигчид байсан байна.

Боолуудын тариалсан үр тариаг худалдаалах наймаанд Харвард хөрөнгө оруулж байсан түүх бас үлдсэнийг эрдэмтэд илрүүлжээ.

19 дүгээр зуунд Харвардын судлаач Луиз Агассиз боолчлолыг зөвтгөсөн агуулгатай арьсны өнгөөр ялгаварлах онол боловсруулсан нь сургуулийн зүгээс дэмжигдэж байжээ.

Боолчлолын үеийн түүхтэй холбоотой болохоо хүлээн зөвшөөрч байгаа Америкийн олон сургуулиудын сүүлийнх нь Харвард болж байна.

Үүнээс өмнө Виржиний Их сургууль, Иелийн Их сургууль, Колумбын Их сургууль, Жоржтауны Их сургууль энэ талаар мэдэгдэл гаргаж байсан юм. Тухайлбал Иелийн их сургууль өөрийн нэгэн коллежийн нэрийг 19 дүгээр зууны боолын эзний нэрээр нэрлэж байснаа өөрчлөхөөр болсон.

Жоржтауны их сургууль 1838 онд санхүүжилт олохын тулд 272 боолыг зарж байснаа хүлээн зөвшөөрч, тэдгээр боолуудын үр удамд сургуульд нь суралцах боломж олгосон байна.

Өнгөрсөн онд Харвардын хуулийн сургуулийн оюутнууд тус сургуулийн билэгдлээс үүсгэн байгуулахад нь оролцсон боол эзэмшигчийн гэр бүлийн тэмдгийг авч хаяхыг шаардаж, энэ асуудал анх сөхөгдөж байжээ.

Сургууль оюутнуудынхаа шаардлагыг хүлээж авсан ба ерөнхийлөгч Фауст үүний дараа боолчлолтой холбоотой түүхийг гүнзгийрүүлэн судлахыг даалгасан юм.

Баасан гарагт болсон хурал дээр Фауст хэлэхдээ уг хурлыг түүхийн эрэл хайгуулын дөнгөж эхлэл гэж дүгнээд Харвард өнгөрсөн түүхийнхээ сүүдэртэй талыг үргэлжүүлэн судлахаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: ABCnews