Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын компаниуд Лотте группыг шахаж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Өмнөд Солонгост THAAD пуужингаас хамгаалах системийг байрлуулах зорилгоор Лотте групп өөрийн мэдлийн гольфийн талбайг засгийн газартаа шилжүүлэх тохиролцоог хийсэн юм.

Харин энэхүү систем өөрийнх нь үндэсний аюулгүй байдалд дайсагнаж байна гэж үзэж байгаа Хятад улс Лоттегийн шийдвэрийг тун таагүй хүлээж авлаа.

Хятадын Коммунист Намын төв хэвлэл өмнө нь Лоттег хэрвээ газраа ашиглуулбал Хятад дахь бизнес нь эрсдэлд орохыг сануулж байсан юм.

Өмнөд Солонгосын тав дахь том бизнесийн групп болох Лотте нь Хятад даяар 80 гаруй их дэлгүүртэй.

THAAD (Terminal High-Altitude Area Defence sysem) системийг байрлуулах газрыг засгийн газартаа шилжүүлж өгсөн Лотте групп сүүлийн хэд хоног олон дарамтуудтай тулгарч эхэллээ.

Тухайлбал Хятадын Аньхуй мужийн албаныхан Лотте их дэлгүүрээс 30 хууль бус радио дамжуулагч илрүүлж 20,000 юаниар өчигдөр торгожээ.

Аньхуй мужийн харилцаа холбооны зохицуулагчид Вухуй хотын супермаркетаас хэвийн бус радио дохио цацагдаж байгааг илрүүлээд мөрдөж эхэлсэн гэнэ. Мөн Бээжинд дэх Лотте их дэлгүүрийг хууль бус сурталчилгаа хийсэн шалтгаанаар 44,000 юаниар торгосон тухай Мягмар гарагт орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Жяньсу мужийн Руйшянь санхүүгийн групп тус муж дахь Лоттегийн 50 дэлгүүртэй хамтран хэрэгжүүлдэг шоппинг картны хөтөлбөрөө зогсоож байгаагаа Пүрэв гарагт зарласан байна.

Тэдний их дэлгүүрүүд болон онлайн худалдааны сайтад Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнүүдийг зарахгүй болсноо бас мэдэгджээ.

Энэ мэтчилэн олон компаниуд Лотте групптэй хамтарч ажиллахаас татгалзаж байгаагаа сүүлийн хэдэн өдөрт зарласан байна.

Мөн Лхагва гарагт Lotte Duty Free компанийн хятад хэл дээрх сайт халдлагад өртөж ажиллагаагүй болсон юм. Халдлагыг Хятадын IP хаяг бүхий компьютерээс үйлдсэн болохыг мэргэжилтнүүд тогтоожээ.

Өмнөд Солонгос THAAD системийг зөвхөн Хойд Солонгосын довтолгооноос хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байгаа. Харин Хятадын тал энэ систем нь тус улсын зүүн хойд бүсийн цэрэг, зэвсгийн шилжилт хөдөлгөөнийг тагнах боломжтой болгож байна гэж үзэн хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Сөүлийн эрх баригчид өнгөрсөн оны дундаас эхлэн THAAD системийг байрлуулах газрыг судалж эхэлсэн ба Лотте группын Сёнжу муж дахь гольфийн клубын талбайг хамгийн тохиромжтой гэж үзэн тус компанитай хэлэлцээр хийж эхэлжээ. Ингээд өнгөрсөн Даваа гарагт тохиролцоонд хүрсэн нь ийнхүү тус группын Хятад дахь бизнесийг эрсдэлд оруулж байна. Лотте группын хилийн чанадаас олдог орлогын тал хувийг Хятадын зах зээл бүрдүүлдэг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post