Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын түрэмгийллээс болгоомжилсон Швед улс цэрэг татлагаа сэргээлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Оросын цэргийн үйл ажиллагаа Балтын тэнгисийн бүсэд идэвхжсэнтэй холбоотойгоор Швед улс цэрэг татлагын журмаа сэргээжээ.

2018 оноос хэрэгжих шинэ журмаар 1999 оноос хойш төрсөн 13,000 залууг жил бүр цэрэг татлагад зарлан дуудаж, тэдгээрээс 4,000-ыг сонгон шалгаруулж цэргийн алба хаалгах ажээ.

Үүнээс гадна Норвегид хэрэгжээд байгаа сайн дурынхны загварыг нэмж нэвтрүүлэхээр болжээ.

Зөвхөн эрчүүдийг цэрэгт татдаг байсан журмаа Швед улс долоон жилийн өмнө зогсоосон юм. Энэ нь ганц Швед биш, Европ даяар хийгдсэн өөрчлөлт бөгөөд 1990-ээд оны үед Франц, Итали, Бельги, Нидерланд улсууд мөн цэргийн алба заавал хаадаг журмаа зогсоосон. 2011 оноос Германд бас ингэх болсон юм.

Швед нь төвийг сахидаг орон, НАТО-гийн гишүүн бус. Гэвч Оросын цэргийн ажиллагаа бүс нутагт нь идэвхжсэн шалтгаанаар НАТО-той ойртох болоод байгаа юм.

Оросын байлдааны нисэх онгоцнууд хэд хэдэн удаа Шведийн агаарын хилийг зөрчсөн тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Шведэд Оросын тагнуулын ажиллагаа хэрэгжиж байгаа гэсэн таамаг эрх баригчдын санааг зовоож байна.

Олон нийтийн санаа сэтгэлийг өөрчлөх зорилготой хуурамч мэдээлэл түгээх ажиллагааг Оросууд удирдаж байгаа тухай Шведийн судалгааны байгууллага өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байв.

Өнгөрсөн сард бас Шведийн арми засгийн газраасаа олон тэрбумын төсөв хүссэн нь цэрэг техникээ сайжруулахад зориулагдахаар төлөвлөгджээ.

 

Эх сурвалж: Quartz