Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эзэн хаан дайны дараа Вьетнамд үлдсэн япон хүүхдүүдтэй уулзжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Вьетнамд айлчилж байгаа Японы эзэн хаан Акихито өчигдөр буюу Пүрэв гарагт дэлхийн хоёрдугаар дайны дараа тус улсад үлдсэн япон цэргүүдийн хүүхдүүдтэй уулзаж, тэдний гашуун түүхийг сонссон байна.

83 настай Акихито, эхнэр Мичикогийн хамт анх удаагаа Вьетнамд айлчилж байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс бууж өгсний дараа 700 орчим япон цэрэг өөрсдийн хүсэлтээр Вьетнамд үлдэж, амьдралаа зохиосон байдаг. Акихито хааны эцэг Хирохито 1940 онд Францын колони байсан Вьетнамд цэргээ илгээж, эзлэн түрэмгийлж байжээ.

Дайны дараа тэнд үлдсэн цэргүүд вьетнам бүсгүйчүүдтэй гэрлэн амьдралаа төвхнүүлсэн юм. Дараа нь тэд хувьсгалын удирдагч Хо Ши Миний цэргүүдийг бэлдэж өгснөөр Францын колониос Вьетнамыг салахад тусалсан түүхтэй.

Гэвч 1954 онд Вьетнамын эрх баригчид япон цэргүүдийг улс орноосоо албадан гаргах шийдвэр гаргаж, харин гэр бүлийг нь салгаж үлдээсэн байна. Үлдсэн эхнэрүүд нь гэр бүлээ тэжээх, японы эрлийз хүүхдүүдээ өсгөх гэж хүнд хэцүү амьдралыг туулж байжээ.

Энэхүү эмгэнэлтэй түүхийг сонссон эзэн хаан Акихито “экс япон цэргүүдийн гэр бүлүүд ямар хүнд бэрхшээлийг туулсныг би ойлгож байна” гэж хэлсэн байна.

Эцэг нь Вьетнамын армид сургагч байсан Тран Дук Дун гуай амьдралдаа үзсэн хүнд бэрхшээл, ялгаварлан гадуурхлыг мартахад бэлэн байгаагаа Акихитод хэлээд “Миний ганц хүсэл бол Японы засгийн газраар өөрийгөө Японы иргэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх” гэж хүссэн байна.

Хэдийгээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр дайсагналцаж байсан ч Япон, Вьетнам улсууд 1973 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойш эдийн засгийн салбарт эрчимтэй хамтран ажиллаж байгаа.

Тэдний дотно харилцаанд хөрш Хятад улсын эрх баригчид сэжиглэнгүй ханддаг. Япон улс одоо Вьетнамын хамгийн том хандивлагч орон болоод байна.

Акихито, Мичико нар Ням гарагт Вьетнамыг орхиж, Тайландыг зорих юм.

 

Эх сурвалж: AFP