Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo компанийн гүйцэтгэх захирал шагнал урамшууллаасаа татгалзлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Yahoo компанийн гүйцэтгэх захирал Мэрисса Мэйер

Нэг тэрбум орчим хэрэглэгчийнхээ мэдээллийг хакеруудад алдаж, хүнд байдалд ороод байгаа Yahoo компанийн гүйцэтгэх захирал Мэрисса Мэйер 2016 оны урамшууллын цалин буюу бонусаасаа татгалзжээ.

Тэр 2016 оны үр дүнд $2 саяын бонус авах байсан юм. Мөн тус компанийн хуулийн ерөнхий зөвлөх Рональд Бэлл ажлаа өгч байгааг Лхагва гарагт мэдээлсэн байна. Тэр бас ямар нэгэн шагнал урамшуулал авахгүй болж байгаа гэнэ.

Yahoo компани 2014 онд гарсан хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан хэргийг гарахад удирдлагын түвшний хүмүүс зохих арга хэмжээг аваагүй гэж буруутгаж байна. Нийтдээ нэг тэрбум орчим хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан хэргийг 2016 оны намар л олон нийтэд мэдээлсэн юм.

2012 онд Yahoo компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Мэйер жилийн $1 саяын үндсэн цалин, $2 саяын урамшуулал авах гэрээтэй байжээ.

Мөн гүйцэтгэлээсээ хамааран жил бүр доод тал нь $12 саяын хувьцаагаар шагнуулах нөхцөлтэй ажиллаж байсан юм.

Тэгвэл компанийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед тэр дээрх шагнал, урамшууллаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.

Yahoo компанийн үндсэн бизнесийг $4.8 тэрбумаар худалдаж авахаар өнгөрсөн жил тохироод байсан Verizon компани мэдээлэл алдагдсан хэргийн дараа $350 саяыг худалдаж авах үнийн дүнгээс хасахаар шийджээ.

Үүнээс гадна Yahoo компанийн хэргийг шалгахтай холбоотой гарах хууль эрх зүй, мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээнүүдийн зардал, шүүхтэй холбоотой торгууль, төлбөрүүдийг Verizon компани хариуцахгүй байхаар тохиролцсон юм.

Наймаа энэ оны сүүлийн хагаст эцэслэн дуусахаар төлөвлөгджээ.

 

Эх сурвалж: Business Insider