Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагчийг баривчлах шийдвэр гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Самсунг группын дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг авлигын хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэрийг Сөүл хотын шүүх өнгөрсөн шөнө гаргажээ. Прокурор хоёр дахь удаагаа шүүхэд хандсаны эцэст ийм шийдвэр гарсан юм.

Орон нутгийн цагаар өглөөний 05:37 цагт Сөүл хотын төв дүүргийн шүүхийн шүүгч Хан Жун Сёк дэд ерөнхийлөгчийг баривчлах хангалттай үндэслэл байна гэж үзээд прокурорт баривчлах зөвшөөрөл олгосон байна.

Ингэснээр Ли нь Самсунгийн 79 жилийн түүхэнд анхны гэмт хэрэгт холбогдсон удирдах ажилтан болж байгаа юм.

Одоо прокурор түүнд албан ёсоор ял тулгах хүртэл хорь хоног баривчлах эрхтэй болж байна. Лиг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чой Сүүн Силийн хувийн санд 43 тэрбум воны хандив өгч, хариуд нь өөрийн группын хоёр компанийг нэгтгэх ажиллагаанд засгийн газрын дэмжлэгийг авсан гэж буруутгаж байгаа.

Ингэснээр Самсунг группын бизнес томоохон эрсдэлтэй тулгараад байна. Ли Жэ Ён нь Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Гэхдээ түүний эцэг, Самсунгийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ли Кун Хи 2014 онд зүрхний шигдээсийн улмаас ажлаасаа хөндийрснөөр тэр үндсэндээ Самсунг группын нэгдүгээр хүн болсон юм.

Самсунг групп прокурорын шалгаж байгаа хэргийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ.

 

Эх сурвалж: Korea Times