Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сансарт бие засах шийдэл олох уралдааны дүн гарчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

NASA байгууллага сансарт удаан хугацаанд ажиллах хүмүүст зориулсан бие засах шийдэл олох уралдаан зарлаж дүнгээ гаргажээ. Өнгөрсөн онд зарлагдаж, санал авах хугацааг 12 дугаар сарын 20-нд хааж, өчигдөр дүнгээ гаргасан байна.

Жингүйдлийн орчинд сансрын нисэгчид олон хоног битүү өмсгөл хувцастай ажиллах шаардлага гарвал хэрхэн бие засах аргыг Space Poop Challenge уралдаанд оролцсон хүмүүс нээх байсан юм.

Үүнд өтгөн, шингэн, сарын тэмдэг зэргийг нэг дор зохицуулах шийдэл шаардагдаж байв. Нийт $30,000-ын шагналын сантай уг уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 5,000 орчим санаа ирснээс эмч, агаарын хүчний офицер Тэтчер Кардоны санаа түрүүлж $15,000-ын шагнал хүртжээ.

Тэрээр жижиг нүхээр дамжин хийгддэг орчин үеийн мэс заслын арга дээр үндэслэн бүтээлээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл тэр сансрын нисэгчийн хувцасны ар талд бяцхан нүх гаргаж, түүгээр живх хийхэд тэр нь дотор орсон хойноо задарч дэлгэгддэг механизм зохион бүтээжээ.

Артерын судсаар дамжуулан зүрхэнд мэс засал хийдэг болсон аргыг тэр ашигласан гэнэ. Кардон эмчийн өгүүлж байгаагаар жижиг төмс шиг болгон шахсан ялгадсыг нь мөн энэ нүхээр буцааж гаргах ажээ.

Хоёрдугаар байрт сансрын нисэгчдийн хөдөлгөөнөөр үүссэн агаарын урсгалыг ашиглан ялгадсыг хувцасны нэг хэсэгт шахдаг хоолойтой механизм орж, $10,000-ын шагнал хүртсэн байна.

$5,000-ын шагнал хүртсэн гуравдугаар байрын шийдэл нь мөн л бохирыг цуглуулж, хувцасны нэг хэсгээр гаргах зориулалттай шийдэл байсан гэнэ.

 
Гуравдугаар байрт орсон шийдлийн зураг

Дээрх аргуудыг дэлхий дээр асрамжийн хүмүүст хэрэглэж болохоор байгааг зохион бүтээгчид нь бас өгүүлжээ.

Сансрын нисэгчид хөлөг дотор байхдаа тусгай соруул бүхий хоолой ашиглан бие засдаг. Харин гэнэтийн осол гарч, олон хоног битүү өмсгөлтэй байх бол дээрх шийдлүүд хэрэг болох юм байна.

 

Эх сурвалж: Quartz