Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Отгонтулга: НӨАТ-ын систем Монгол Улсад 20 болоод түүнээс ч олон жил үргэлжилнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
 

НӨАТ-ын урамшууллын 2016 оны буцаан олголт энэ сарын 2-ны өдөр иргэдийн дансанд орж эхэлсэн. Үүнээс хойш иргэдийн идэвх хэр сайжирсан болоод цаашид буцаан олголтын системийг хэрхэн хөгжүүлэх талаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.


- Буцаан олголт хийгдсэнээс хойш иргэдийн баримт бүртгүүлэх идэвх хэр сайжирсан бэ?

- 2017 оны хоёрдугаар сарын байдлаар нийтдээ 995,502 бүртгэлтэй хэрэглэгч манай системийг ашиглаж байна. Буцаан олголтыг хоёрдугаар сарын 2-ны байдлаар нийт 428,587 иргэн авсан байгаа.

Сүүлийн тоогоор харвал 20,000 хүн дотроос 513 хүн бүртгэлээ засварлаж баталгаажуулсан, 19,500 орчим хүн бүртгэлээ засварлаагүй орхисон байна.

Мэдээлэл баталгаажаагүй бол буцаан олголт ороогүй гэсэн төлөвтэй, дансанд нь мөнгө орсон бол мөнгө шилжсэн гэсэн төлөвтэй байх ёстой. Хэрэв мөнгө шилжсэн гэсэн төлөвтэй хэрнээ дансанд нь мөнгө нь ороогүй бол манай байгууллагад шууд хандах хэрэгтэй.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн НӨАТ-ын урамшуулал эхэлсэн. Бүтэн жилийн сарын дунджаар 588,377 хүн баримт хэвлэгддэг байсан бол сүүлийн хоёр сарын дунджаар энэ тоо өсч 727,767 болсон байна. Даруй 200,000 баримтаар өссөн байна гэсэн тооцоолол гарсан.

- Нэг дор олон баримт бүртгүүлсэн аж ахуйн нэгжид буцаан олголт нь ороогүй байгаа гэсэн. Энэ талаар?

- Манай байгууллага бол мэдээлэл технологийн бүртгэлийг нь хийгээд тоон мэдээллүүдийг Татварын ерөнхий газрын төсвийн орлогын газар өгдөг.

Энд орлогын жагсаалтаар нь хянаад эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй байгууллагуудыг Эрсдлийн Удирдлагын Газраар шалгуулдаг. Шалгуулаад асуудалгүй бол буцаан олголтыг нь олгодог. Одоогоор буцаан олголтоо аваагүй 20 орчим аж ахуйн нэгж байна.

- 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ-ын урамшууллын системийн хийгдсэн үйл ажиллагааг дүгнэвэл?

- Системд бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо болон татварын орлогын хэмжээгээр дүгнэгдэнэ. 2016 оны төсвийн урьдчилсан дүн гарсан. Төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504.8 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар даван биелсэн байгаа.

Энэ амжилтын гол нөлөө бол мэдээж татвар төлдөггүй байсан хэсэг буюу далд эдийн засагт эргэлдэж байсан мөнгө ил болж, иргэд аж ахуйн нэгж албан татвараа төлж эхэлсэнтэй холбоотой.

Шилжсэн гэсэн төлөвтэй хэрнээ дансанд нь мөнгө нь ороогүй бол манай байгууллагад шууд хандах хэрэгтэй.

2016 онд энэ систем дээр маш олон муу үзүүлэлтүүдийг гаргасан.

Нэгдүгээрт, хуурамч баримтаар 400 сая төгрөгийн азтан тодруулах гэсэн хүн байна. Цагдаагийн байгууллага гэм бурууг нь тогтоосон.

Хоёрдугаарт, сонгуулийн дараа НӨАТ-ын хууль хүчингүй болно гэсэн ташаа мэдээллийн улмаас иргэдийн идэвх суларсан.

Гуравдугаарт, орлогоос давсан зарлага байна гэж батлах шаардлага гарах учраас хамаагүй баримт бүртгүүлж болохгүй гэсэн ташаа мэдээллээс болоод мөн иргэдийн идэвх суларсан.

Дөрөвдүгээрт, технологи, програм хангамжийг гүйцэд ойлгоогүйн улмаас энэ системийг бүрэн ашиглаж чадахгүй тохиолдлууд гарсан. Эдгээр асуудлыг даван туулж, иргэд маань дан эргэлзээтэй байсан 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр манай байгууллагад 170 гаруй иргэнээс баярын мэндчилгээ, талархал ирсэн.

 
Гэрэл зургийг mpa.mn

Маш олон хүн бидний энэ ажилд сэтгэл хангалуун, улам урагштай байгаасай гэсэн сэтгэгдэл ирүүлсэн. Тэгэхээр 2016 онд зөвхөн сугалаагаар л иргэдийг итгүүлж байсан.

Эдгээр олон асуудал гарсан ч бидний ажлыг дэмжиж байсан иргэд, Сангийн яам, Татварын Ерөнхий Газар, Үндэсний дата төв зэрэг байгууллагууд болон манай 40 програмист залууст талархах хэрэгтэй.

2017 онд энэ систем маань үргэлжилнэ. Дэлхийн бусад орнуудын үүнтэй ижил төстэй системүүдийг нэвтрүүлсэн туршлагыг харахад 20-25 жилийн турш улам боловсронгуй чанартай болгож, жигд ажиллаж ирсэн.

Тэгэхээр бид ч мөн адил үйл ажиллагаагаа өндөр түвшинд хүргэж, цаашид хөгжүүлнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа. НӨАТ-ын систем Монгол Улсад 20 болоод түүнээс олон жил ч үргэлжилнэ. Тиймээс иргэдээ баримтаа идэвхтэй бүртгүүлж, сугалаандаа идэвхтэй оролцоорой гэж хэлье.

- Цаашид НӨАТ-ын урамшууллын системд технологийн ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх вэ?

- Манай байгууллага хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Сангийн яамны Гааль татвар, Санхүү мэдээлэл технологийн төв болж, бүтэц нь батлагдсан. Шинэ бүтцээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон байгаа.

Үйл ажиллагааны хүрээнд, одоогийн E-Barimt системийг өргөжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, гааль болон татварын ерөнхий газрын мэдээллийн сангуудыг нэгтгэх, санхүүгийн мэдээллийн инфлаторм үүсгэх буюу нийгмийн даатгал төрийн сан, гааль, татварын гэсэн цогц програмуудыг нэгтгэх зорилготой байгууллага болж байгаа юм.

Өмнө нь эдгээр төслийг Монгол Улс гадны тендер тусламж, төсөл хэлбэрээр хөгжүүлж байсан боловч дорвитой үр дүнд хүрсэн нь бага. Иймээс дотоодынхоо залуусын байгууллагыг өргөжүүлж, тэрхүү чиглэлд нь хөгжүүлэлт хийе гэсэн зорилт тавьж ажиллаж байна.

Буцаан олголт хийгдсэнээс хойш иргэдийн баримт бүртгүүлэх идэвх ихэсчээ...
 

 

2017 онд бид НӨАТ-ын урамшууллын E-Barimt системд тодорхой хэдэн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөөд байна.

Нэгдүгээрт, иргэд өдөрт дунджаар 727,000 орчим баримт хэвлэгдсэн хэдий ч бүртгүүлж байгаа 324,534 байна. Тэгэхээр тал хувь нь баримтаа бүртгүүлэхгүй, хуулиа хэрэгжүүлж чадахгүй, хуулийн дагуу олгогдож байгаа буцаан олголтоо авч чадахгүй хаяж гээгдүүлж байна гэсэн үг.

Иймээс бүртгүүлэх механизмыг илүү автоматжуулж, худалдан авалт хийгээд шууд буцаан олголтын баримт автоматаар бүртгэгддэг системд шилжүүлнэ. Энэхүү системийг бид дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн туршилтын хэлбэрээр нэвтрүүлнэ.

Хоёрдугаарт, өнөөдрийн E-Barimt системийг 56,000 орчим бизнес эрхлэгчид ашиглаж байна. Өдөр тутмын байгууллага хоорондын гүйлгээ болон эцсийн хэрэглэгчид баримт олгох бүх үйл ажиллагаа энэхүү систем дээр тогтож байна.

Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд гамшгийн үед нэг систем нөгөө системээ орлох нөөц төвийг боловсруулж байна. Ингэснээр илүү найдвартай ажиллана гэсэн үг. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой ажил.

Гуравдугаарт, иргэдээс ирж байгаа үнийн дүн зөрүүтэй, борлуулагч талаас мэдээлэл илгээгээгүй байна, системд ирээгүй байна гэсэн төлөвтэй байдлууд маш их маргаан дагуулдаг. Тэгэхээр ААН-үүд түргэн хугацаанд картын систем рүү хөрвөж чадах юм бол бид эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

Цаашдаа буцаан олголтын систем зөвхөн дансны мэдээллээ үнэн зөв баталгаажуулсны дараа баримт бүртгүүлэх боломжтой болох систем рүү шилжинэ.

Тэгээгүйгээс болоод 2016 оны туршлагаас харахад баримтаа цуглуулж байсан хэдий ч дансныхаа мэдээллийг алдаатай хийснээс болоод хуулийн хугацаанд буцаан олголтоо авч чадахгүй байдал үүсээд байна.

Тиймээс бүртгэгдсэн, мэдээлэл баталгаажсан тохиолдолд л баримтаа бүртгүүлэх болмжийг нь нээж өгнө гэсэн үг.

Иймэрхүү схемийн өөрчлөлтүүдийг хийнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байна.

Зөвхөн дансны мэдээллээ үнэн зөв баталгаажуулсны дараа баримт бүртгүүлэх боломжтой болно

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгж байх үеийн зорилго 86 хувийн биелэлттэй байгаа. Улаанбаатар хотод 22 хар зах ажиллаж байна.

Аймаг болгонд нэг худалдааны төвүүд байна. Тэдгээр төвд ямар ч анхан шатны баримт хэвлэхгүйгээр иргэд маань худалдан авалт хийгээд явж байна.

Тэгэхээр энэхүү асуудлыг шийдвэрлэх технологийн хамгийн боломжит хувилбарыг нэвтрүүлнэ. Иргэд маань буцаан олголтоо бүрэн авах боломжийг бүрдүүлэх нь чухал.

- Сугалаа цаашид үргэлжлэх үү гэсэн асуудал иргэдийн дунд байна?

- Өнгөрсөн онд иргэдийг идэвхтэй байлгах үүднээс 18 удаа сугалаа зохион байгуулсан. Энэ онд иргэд маань буцаан олголт, сугалааны үйл явц, учир шалтгааныг мэддэг болсон учраас сар бүр нэг удаа, тогтсон цагт явуулахаар болсон.

Энэ жилийн хувьд МҮОНТ-ээр гардаг нүсэр тайзыг цомхотгож, илүү ойлгомжтой, цаг хэмнэсэн, бусад янз бүрийн мэдээллийг аль болох бага хүргэж Боловсрол телевизээр орон даяар шууд нэвтрүүлэхээр бэлтгээд байна.

Мөн бөмбөг сонгогдох үед гар утасны аппликэйшн дээр хэчнээн сугалаа хожих магадлалтай байна гэх тоон үзүүлэлтүүдийг хүртэл гаргадаг хэмжээнд технологийг хөгжүүлнэ. Тэгэхээр цаг хугацаа авсан, удаан хугацааны нуршуу байдлыг товч тодорхой болгож байгаа.