Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амынхаа орлогыг өсгөх шинэчлэл явуулахаар боллоо

Өглөөний сонин
2017 оны 2 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Хятад улс 2027 он гэхэд хүн амын жилийн дундаж орлого нь өндөр гэгдэх Европын холбооны зарим орон, Азийн бүсийн түвшинд хүрэх болно. Тус улсын засаг захиргаа ингэхийн тулд эдийн засгийн томоохон шинэчлэл явуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогоо идэвхжүүлэхээр болжээ. Гэхдээ тус улсын хүн ам 10-хан жилийн дараа өндөр технологийн Өмнөд Солонгос, эсвэл Польш зэрэг улсын иргэдийн орлогын түвшинд хүрч чадах болов уу.

Өдгөө тус улсын нэг хүний дундаж орлого жилийн 8,100 ам.доллар байна. Харин 2027 он гэхэд 12,900 ам.долларт хүрнэ гэж “Morgan Stanley’’-ээс тооцоолжээ. “Хөрөнгө оруулалтын банк"-ны эдийн засагчдын прогнозоор 2027 онд БНХАУ-ын дундаж түвшний хэмжээ 12 хувиар нэмэгдэж, 19.5 хувь болох бол бага орлоготой хүмүүсийн хэмжээ 40 хувиар буурч, 28 хувьд хүрэх аж.

Хятад улс эдийн засагтаа бүтцийн томоохон шинэчлэл хийснээр иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх боломжтой. Тухайлбал, БНХАУ одоо байгаа хувийн бизнесийн 45 хувийн татварыг 35 болгон бууруулснаар нэмэлт хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байна. Тус улсын Засгийн газар түүнчлэн 2022 он хүртэл дөрвөн тэрбумаас дээш ам.долларын өртөгтэй дэд бүтцийн шинэ төслийг санхүүжүүлэхээр болжээ.

Ерөнхийдөө тус улс үйлдвэрлэлийн хүчин чадлаа дотоод эрэлт рүүгээ чиглүүлэх гол бодлого баримталж байна. Энэ нь эдийн засгийн 85 гаруй хувь нь гадаад худалдаанаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд дөхөм болно гэж үзжээ. Энэ талаар АНУ-ын Чикагогийн их сургуулийн дэлхийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Харольд Поллак “Хятадууд эдийн засгаа дотоод эрэлт рүүгээ чиглүүлэх бодолтой байна. Тиймээс тэд хүн амынхаа орлогод анхаарлаа хандуулж эхэлжээ.

Одоогийн байдлаар БНХАУ-д нийгмийн анги давхаргын томоохон ялгаа ажиглагдаж байна. Тус улсын хүн амын 60 орчим хувь нь жилд 2.5 мянган ам.доллараас бага орлоготой байхад чинээлэг иргэд нь жилд 55 мянгаас дээш орлоготой байх жишээтэй. Цалин хөлсний ийм ялгаатай нөхцөлд хятадуудын хэрэглээний чадавх 2035-2040 онд Өмнөд Солонгосын үзүүлэлттэй ойртоно" гэжээ.

Харин “Morgan Stanley’’ Хятадын шинэчлэг 2027 он гэхэд хүн амын орлого өндөр орнуудтай нэгдэхэд хүргэнэ хэмээжээ Тухайлбал, хятад хүний жилийн дундаж орлого 10 жилийн дараа 2015 онд 13,600-14,500 ам.доллар байсан польш хүний дундаж орлогод дөхөж очно гэж үзсэн байна.

Өмнөд Солонгос улсын хүн амын жилийн дундаж орлого сүүлийн гурван жилд буурч, 23,500-аас 16,500 ам.доллар болсон. Үүнийг Хятад улс гүйцэх боломжтой гэжээ.

Экспортын үнэ өснө

БНХАУ сүүлийн 10 жилийн турш дэлхийн бараа бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч орон байсаар ирсэн юм. Дэлхийн худалдааны байгууллагын мэдээллээр 2015 онд дэлхийн нийт худалдааны 15 хувь нь Хятадын экспортоос бүрдэж байсан бол түүнтэй гол өрсөлдөгч гэгдэх АНУ-д энэ үзүүлэлт найман хувиас хэтрэхгүй байгаа аж.

2015 онд Хятад улс нийтдээ 3.9 их наяд ам.долларын бараа худалдсаны цөөнгүй хувь нь электрон бараа (630 тэрбум ам.доллар), хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн (283 тэрбум ам.доллар) байжээ. Гэхдээ хүн амын орлого өсөхийн хэрээр Хятадын аж үйлдвэрийн боломж чадавх алдагдана гэж зарим шинжээч үзэж байна.

Лондоны Их сургуулийн коллежийн дэлхийн эдийн засгийн тэнхимийн профессор, эдийн засгийн ухааны доктор Ян Престоун “Өнөөдөр дэлхийн нийт цахилгаан тоног төхөөрөмжийн 75-аас илүү хувийг бага цалинтай хятад үйлдвэрт үйлдвэрлэж байна. Хэрвээ төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдэд ажилчдадаа сайн цалин олгохыг шаардаж эхэлбэл барааны үнэ 20-25 хувиар өсөх магадлалтай” хэмээн мэдэгдэж байна. Ажиллах хүчний өртөг нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгаас хөрөнгийнхөө ихэнх хэсгийг татна.

“Goldman Sachs’’-ын дүгнэснээр 2016 онд гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын үйлдвэрлэлийн сектороос сүүлийн найман жилийн хамгийн өндөр хэмжээ буюу 290-310 тэрбум ам.долларын хөрөнгөө татжээ.

“Олон улсын концернууд зардлаа танах оролдлого хийж, сүүлийн 20 жилд Хятадад үйлдвэрлэлээ шилжүүлж байв. Тэгвэл энэ дүр зураг өөрчлөгдөж, 2015 оноос эхлэн гадаадын компаниуд “хямд” орнууд болох Вьетнам, Камбож, Бангладеш, Тайландад үйлдвэрлэлээ шилжүүлдэг боллоо.

Хүн амын орлого нэмэгдэхийн хэрээр үлдсэн үйлдвэрлэл эрхлэгчид ойрын 10-15 жилийн дотор Хятадаас гарахаас өөр аргагүй болно" хэмээн Невадагийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, эдийн засгийн ухааны доктор Жон Ромштейн мэдэгджээ.

Зураг