Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Малайзад алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Ким Жон Илийн ууган хүү Ким Жон Нам

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй том ах Даваа гарагт Малайзад алагдсан тухай Сөүлийн засгийн газрын эх сурвалж өчигдөр мэдээллээ.

Алагдсан Ким Жон Нам нь өмнөх удирдагч Ким Жон Илийн ууган хүү байсан юм. Түүнийг нисэх буудалд явж байхад нь үл таних хоёр эмэгтэй хортой зүүгээр хатгаж амийг нь хөнөөсөн гэнэ. Баригдалгүй зугтсан эмэгтэйчүүдийг Хойд Солонгосын тусгай албаныхан гэж таамаглаж байна.

Талийгаач Малайзаас Макао нисэхээр явж байсан ажээ.

Ким Жон Нам 2001 онд хуурамч паспорт ашиглан Япон руу нэвтрэх гэж байгаад баригдсаны дараа эцэг Ким Жон Илд ад үзэгдэх болж, Макаод голдуу цагаачилж амьдарч байсан юм.

Тэрээр Хойд Солонгосын дэглэмийг шүүмжлэгч нэгэн байсан ба 2010 онд Японы Асахи телевизэд ярихдаа “Би хувьдаа гуравдугаар үеийн удирдагчийн залгамжлалыг эсэргүүцэж байна” гэж ярьж байжээ. Үүний дараа 2011 онд түүний эцэг нэгт дүү Ким Жон Ун Хойд Солонгосын гуравдугаар үеийн их удирдагчаар сонгогдсон юм.

Ким Жон Нам эцгийнхээ оршуулгад оролцоогүй. 2012 онд дүүгийнхээ засаглалыг туршлагагүйн улмаас удаан оршихгүй гэж хэлж байсан гэдэг.

Ажиглагчид хэрвээ Ким Жон Ун Хятадтай таагүй харилцаа үүсгэвэл ууган Кимийг оронд нь удирдагчаар тодруулахаар Бээжин нөөцөлж байсан гэж таамагладаг.

Малайзийн цагдаа талийгаачийн цогцост шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг нарийвчлан тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post