Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистан улсад Валентиний баяр тэмдэглэхийг хоригложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Пакистаны шүүх Валентиний баярыг орон даяар тэмдэглэхийг хориглосон шийдвэр гаргажээ.

Исламабад хотын дээд шүүх ингэх болсон шалтгаанаа иргэдээс ирсэн өргөдөл хүсэлтийн дагуу гэсэн байна. Олон тооны иргэд Валентиний баярыг муслимуудын уламжлалын эсрэг зүйл гэж гомдоллосон гэнэ.

Шүүхийн шийдвэрт мөн тус улсын Мэдээллийн Яам, Пакистаны Цахим Мэдээллийн Зохицуулах Байгууллагад хандан Валентиний баяртай холбоотой элдэв мэдээллийг олон нийтэд гаргахгүй байх арга хэмжээ авахыг даалгажээ.

Пакистаны хувьд энэ нь анхны тохиолдол биш. Өнгөрсөн жил тус улсын ерөнхийлөгч Мамнуун Хуссайн иргэддээ хандан өрнөдийн энэхүү баярыг тэмдэглэхээс татгалзахыг уриалж байсан юм.

Өчигдөр мөн Индонезийн Сурабая хотын муслим сургуулийн сурагчид Валентиний баярын эсрэг жагсаал хийсэн байна. 13-15 насны эдгээр хүүхдүүд өрнөдийн соёлын нэг хэсэг болсон баяр нь чөлөөт бэлгийн харилцааг сурталчилж байгаа нь Исламын уламжлалд харш гэж үзэж байгаагаа илэрхийлж байжээ.

Пакистан, Индонез улсуудаас гадна Малайз, Иран, Саудын Араб зэрэг орнуудад Валентиний баярыг хориглох албан ба албан бус арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Independent