Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Майкл Флинн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн албан тушаалаасаа огцорч байгааг Даваа гарагийн орой Цагаан ордон зарлажээ.

Флинний оронд чөлөөнд гарсан дэслэгч генерал Кэйт Келлогийг зөвлөхийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө Флинн АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Сергей Кисляктай утсаар ярьж Оросын эсрэг авсан Вашингтоны хоригийг цуцлах боломжийн талаар санал солилцсон нь түүний огцрох шалтгаан болсон юм.

Түүний энэ алхмыг Америкийн иргэн хувийн шугамаар гадаадын иргэнтэй дипломат асуудлаар ярилцсан нь хууль зөрчсөн гэсэн шүүмжлэл өрнөжээ. Өөрөөр хэлбэл Трамп тангараг өргөж, түүний засаг захиргаа албан ёсоор ажлаа аваагүй байхад Оросын элчинтэй харилцсан нь буруутгах шалтгаан болсон юм.

Майкл Флинн огцрох өргөдөлдөө “Цаг хугацааны давчуу байдлаас болоод миний бие ОХУ-ын элчин сайдтай утсаар ярилцсан тухайгаа дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Майк Пэнс болон бусад хүмүүст бүрэн гүйцэд мэдээлээгүй нь ийм харамсалтай байдалд хүргэлээ. Би ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөс энэ үйлдэлдээ уучлал гуйсан ба тэд миний гуйлтыг хүлээж авсан болно” гэжээ.

Флинний энэ хэрэг Дональд Трампыг Оростой онцгой харилцаатай гэсэн Америкийн улс төрийн хүрээн дэхь хардлагыг улам нэмэгдүүлж байна.

 

Эх сурвалж: Sputniknews