Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Япон хосуудын дунд сексгүй гэрлэлт түгээмэл болсоор байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Саяхан Японы гэр бүл төлөвлөлтийн холбооны явуулсан судалгаагаар арлын орны хосуудын бараг тал нь бэлгийн харилцаагүйгээр амьдарч байгаа нь харагджээ.

Өөрөөр хэлбэл судалгаанд оролцсон 16-49 насны 3,000 хүний гэр бүлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 47.2 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд ганц ч бэлгийн хавьталд ороогүй, цаашдаа ч байдал өөрчлөгдөх найдвар байхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ нь 2014 онд авсан судалгааны дүнгээс 2.6 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Хамгийн анх энэ судалгааг 2004 онд авахад оролцогчдын 31.9 хувь нь сексгүй амьдарч байгаа нь харагдаж байжээ.

Тус холбооны ерөнхийлөгч Кунио Китамура “сексгүй гэр бүлүүдийн тоо цаашдаа үргэлжлэн өсөх хандлагатай байна” гэж хэвлэлд ярьсан байна.

Сексгүй амьдралаар амьдарч байгаа олонх хэсэг нь дундаас 40 гаруй насныхан байгаа гэнэ. Эмэгтэйчүүдийн сексээс зугтах болсон хамгийн том шалтгаан нь “секс бол ядаргаатай зүйл” гэж (22 хувь) хариулсан бол эрчүүд нь (35.2 хувь) “ажил хийж хэт ядарснаас” болоод зайлсхийдэг гэжээ.

Японы засгийн газар ажлын цагийг багасгах, гэр бүлдээ гаргах цагийг нэмэгдүүлэх бодлого сүүлийн үед баримтлах болсон нь үүнтэй холбоотой.

Үүнээс гадна өнгөрсөн онд авсан өөр нэг судалгаагаар Японд “онгон” буюу бэлгийн харилцаанд орж байгаагүй залуусын тоо нэмэгдсэн байна.

Хүн ам, Нийгмийн Халамжийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн явуулсан санал асуулгад 18-34 насны 5,000 ганц бие эмэгтэй, эрэгтэй хүн оролцоход эрчүүдийн 42 хувь, эмэгтэйчүүдийн 44 хувь бэлгийн ажилд огт орж байгаагүй гэж хариулжээ.

Дээрх шалтгааны улмаас Японы одоогийн нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 1.4 байгаа (зохистой хэмжээ 2.1) бөгөөд 2060 онд гэхэд өнөөгийн 127 сая хүн ам 86 сая болж буурах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian