Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шоколадны түүх ба Шоколад Валентиний баяртай хэрхэн холбогддог тухай

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Шоколад хэмээх хүнсийг дэлхий дээр хамгийн их хэрэглэдэг хүмүүс Швейцарьчууд. Тэнд нэг хүн жилд дунджаар 9 кг шоколад иддэг байна. Дэлхийн топ 10 шоколад зооглогч үндэстэнд дараах улсууд багтдагийг Euromonitor-ийн 2015 оны тоо баримт харуулж байна.

  1. Швейцарь
  2. Герман
  3. Ирланд
  4. Британи
  5. Норвеги
  6. Швед
  7. Австри
  8. Нидерланд
  9. АНУ
  10. Франц

Тэгвэл Европчуудын амтархан хүртдэг энэ хүнс анх Өмнөд Америкт бий болсон юм.

 

Шоколадны түүх

Шоколадны гол түүхий эд болох какаог анх Мезоамерикийн бүс нутаг буюу Мексик, Төв Америк, Өмнөд Америкт гаргаж авчээ. Какаоны модыг анх 3,000 жилийн өмнөөс гаршуулсан байна. 1,500 жилийн өмнөөс эртний Мексикчууд какаог шингэн хэлбэрээр ууж эхэлсэн юм. Ингэхдээ какаоны үрийг нунтаглаад ус нэмж шингэлэн уудаг байжээ. Шоколад гэдэг үг нь ч устай какао гэсэн үгнээс гаралтай.

Майя, Азтек улсуудад энэ ундааг эрч хүч өгдөг Бурхны бэлэг гэж үзэн зөвхөн язгууртнууд хэрэглэж байжээ. Азтекийн хаан энэ ундааг бэлгийн чалх нэмдэг гэж үзээд өдөрт 50 аягыг уудаг байсан гэдэг.

Азтект какаоны үрийг мөн төлбөрийн хэрэгсэл болгон татварт авч байжээ.

Анх Христофор Колумби шинэ тивээс Испанид буцахдаа какаоны үр авчирсан нь төдийлөн хүмүүсийн анхаарлыг татаагүй байна. Дараа нь Испанийн колоничлогч Ернан Кортес Азтекийг байлдан дагуулсныхаа дараа 1520 онд Европ руу какаоны үр зөөснөөр Европт тархсан юм.

Үүнийг дагаад какаоны бизнес цэцэглэх болжээ.

Индианчууд өвчнөөр үрэгдэж, цөөрсөн тул 17-19 дүгээр зууны Британи, Голланд, Францын колоничлогчид Африкаас боолуудыг Америк тивд тээвэрлэн какаоны тариаланд ажиллуулж байв. Боолууд Америкаас буцаж ирэхдээ какаоны үр авчирснаар баруун Африк какаоны гол үйлдвэрлэгч болжээ. Өнөөдөр дэлхийн какаоны гуравны хоёрыг баруун Африк, тэр дотроо 43 хувийг нь Кот Дивуар буюу Зааны ясан эрэг нийлүүлж байна.

 

Орчин үеийн шоколад

Өнөөдрийн бидний хэрэглэдэг шоколад нь аж үйлдвэрийн хувьсгалын үр дүн юм.

Голландын химич Конрад ван Хутен 1828 онд какаоны тосны хагасыг шахаж салгадаг даралтын машин зохион бүтээсэн нь шоколадыг бөөнөөр үйлдвэрлэхэд хямд өртөгтэй, тохиромжтой болгосон байна.

Мөн шингэн бус, хатуу шоколад гаргах боломжтой болгосон юм.

1875 онд Даниел Питер сүүний нунтаг нэмж сүүтэй шоколад гаргах боломжийг нээсэн байна. Родольф Линдт 1879 онд шоколад цувих (конус хэлбэртэй) машин зохион бүтээв. 1868 онд Британид Cadbury анх удаа хайрцагтай шоколад үйлдвэрлэж эхэлсэн бол 1893 онд Милтон Херши (Hershey) шоколадаар бүрсэн чихэр үйлдвэрлэж эхэлсэн байна.

 

Шоколад ба Валентиний баяр

Валентиний баяртай шоколад холбогдох болсон нь цэвэр арилжааны учир шалтгаантай.

Cadbury’s компанийг байгуулсан Ричард Кадбури 1861 онд анх удаа иддэг шоколад (үүнээс өмнө зөвхөн шингэн байсан) зохион бүтээж, тэдгээрийг зүрх хэлбэртэй хайрцганд савлан гаргасан юм. Хайрцгийг нь хүмүүс хадгалаад хайрын захиагаа дотор нь хийж илгээхэд ашиглаж байжээ.

1894 онд Милтон Херши АНУ-д Hershey компаниа байгуулан шоколадан бүрхүүлтэй чихэр үйлдвэрлэж эхэлсэн байна. 1907 онд тэр нулимсны дуслын хэлбэртэй “Kisses” нэртэй чихэр үйлдвэрлэсэн нь мөн шоколадыг хайр дурлалтай холбох ойлголтыг бий болгожээ. Ингэхдээ шоколад үйлдвэрлэх үед суурь машинаас гардаг үнсэх мэт чимээг билэгдэн ийм нэр өгсөн гэдэг.

 

Эх сурвалж: Korea Times