Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт 50 гаруй жил гацсан Хятад цэрэг эх орондоо эргэж ирлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

50 гаруй жил Энэтхэгт гацсан Хятад эр гэртээ харьсан сонин хэрэг явдал саяхан тохиолджээ.

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн алба хаагч байсан Ван Чи 1963 онд санамсаргүй Энэтхэгийн хилийг давсныхаа дараа буцаж гарч чадалгүй амьдарсаар 80 гарсан насандаа гэртээ харьсан байна.

1959 онд Төвдийн бослогын дараа Далай лам Энэтхэгт цагаачилж, 1962 онд Хятад-Энэтхэгийн хилийн мөргөлдөөн сар орчим үргэлжилсэн зэрэг эгзэгтэй цаг үеийн дараа тэр 1963 оны нэгдүгээр сард цэргийн ангиасаа гарч салхилж явахдаа төөрч хил давсан гэнэ.

Ядарч, цангасан Ван замдаа Улаан загалмайн нийгэмлэгийн машинтай таарч тусламж гуйсанд түүнийг Энэтхэгийн цэргийн ангид хүргэжээ. Ингээд түүнийг тагнуул хэмээн сэжиглэж долоон жил орчим шоронд хорьсны дараа 1969 онд гаргаж Мадхяа Прадеш мужид нутаг зааж суулгасан бөгөөд буцаж хил гарахыг нь зөвшөөрөөгүй байна.

Раж Бахадур хэмээх Хинду нэртэй болсон Ван 1975 онд нутгийн Сушила нэртэй бүсгүйтэй гэр бүл болж гурван хүүхэдтэй болжээ. Түүнд Энэтхэг улс иргэншил олгоогүй, ажил хөдөлмөр эрхлэхийг нь хориглож байснаас ядуу амьдардаг байснаа Ван ярьжээ. Мөн хууль эрхзүйн хамгаалалт авч чаддагүй байснаас цагдаа нарт зодуулдаг, авлига өгдөг байсан гэнэ.

1980-аад оноос эхлэн Хятад дахь ар гэр рүүгээ захиа бичиж эхэлсэн Ван Чи 2002 онд анх удаагаа ээжтэйгээ утсаар ярьж чадсан байна. Гэвч ээж нь 2006 онд нас барсан ажээ.

Хаягдсан иргэнээ олсон Хятадын элчин сайд 2013 онд паспорт олгосон хэдий ч Энэтхэгээс гарах виз өгөхгүй байжээ. Удаан хүлээсний эцэст Энэтхэгээс гарах эрхтэй болсон Ван өнгөрсөн Баасан гарагт Бээжинд иржээ. Энэтхэгийн засгийн газар түүний гэр бүлийг мөн хүсвэл хамт явах эрх өгсөн байна.

Делигээс Бээжинд Баасан гарагийн орой ирэхдээ Ван хүүхдүүдээ дагуулж ирсэн гэнэ. Эхнэр нь бие муу тул явж чадалгүй нутагтаа үлджээ. Ван Чиг түүний том ах Ван Жиюань 50 гаруй жилийн дараа анх удаа нүүр тулан уулзаж, тосон авсан байна.

Ван Чиг төрөлх хотынх нь иргэд “Хүнд аялалыг туулсан цэрэг эр гэртээ тавтай морил!” гэсэн самбар барьж, баатрын ёсоор угтаж авчээ.

 

Эх сурвалж: Independent