Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс өөрийн “колони” Шри Ланкаас хол байхыг Энэтхэгт сануулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг өөрийн газар нутгаар зарлаж, Америкчуудад энэ бүс нутгаас савраа татахыг сануулсан Хятадын эрх баригчид саяхан Энэтхэгт бас ийм сануулга өглөө.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын төрийн Global Times сонинд Шри Ланка улстай харилцах харилцаанд нь Энэтхэг улсыг оролцохгүй байхыг сануулсан нийтлэл гарсан байна.

Ийнхүү Азийн аварга хоёр гүрний дунд геополитикийн шинэ дайн өрнөж эхэллээ. Энэтхэгийн хойгийн хамар дор орших Шри Ланка арал улс нь 2007 оноос эхлэн Хятадаас хамааралтай болж эхэлсэн юм. Тухайн үед Шри Ланкын ерөнхийлөгч Ражапаксабот өөрийн газар нутаг дахь Тамилын Барс салан тусгаарлагч бүлгийг цохихын тулд Хятадаас цэрэг зэвсэг, дипломатын тусламж авч байв.

Үүний дараа Бээжингээс зээл авч томоохон боомтын барилгын ажил эхэлсэн ч сүүлдээ зээлийн оронд босгосон байгууламжаа өгсөн байна. Ингэснээр Хятад улс Шри Ланкын гол боомтын эзэн болж, Энэтхэгийн далайд Бээжин томоохон тулах цэгтэй болсон юм.

Мэдээж энэ нь Хятадын нөлөөлөлд орсон улс орнуудаар тойрон хүрээлүүлсэн Энэтхэгт маш муу мэдээ байлаа. Энэтхэгийг тойроод Бээжингээс эдийн засаг, зэр зэвсэг нь хамааралтай Пакистан, Балба зэрэг улсууд оршиж байгаа бол одоо өмнө талд нь Шри Ланка бий болоод байгаа юм.

Хэдийгээр Хятадууд Шри Ланкын нийслэл Коломбогийн боомтыг цэргийн зориулалтаар ашиглахгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан ч бодит байдал өөр байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын шумбагч хөлгүүд хэд хэдэн удаа Шри Ланкын боомтод үзэгдсэн нь үүнийг илэрхийлж байгаа юм.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Шри Ланкын ерөнхийлөгчтэй 2014 онд уулзахдаа энэ талаар хөндөж, хөршийнхөө эрх ашгийг бодохыг анхааруулж байсан ч байдал дээрдсэнгүй. Модигийн анхааруулгын дараа Хятадын шумбагч дахин үзэгдэж Энэтхэгт “сюрприз” барьжээ.

Мэдээж Хятадуудын ярих, хийх хоёр нь зөрүүтэй байх нь тодорхой байна. Харин Энэтхэг энэ байдалтай эвлэрэх үү, эсвэл Хятадтай сөргөлдөх үү гэсэн ацан шалаанд ороод байгаа юм.

 

Эх сурвалж: Forbes