Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп ялагдлаа хүлээсэн ч цагаачлалын эсрэг дахин шинэ алхам хийхээ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр

Давж заалдах шатны шүүхээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын муслим хүн ам голлодог долоон орны эсрэг авсан цагаачлалын хоригийг сэргээхээс татгалзсан билээ.

Тэгвэл энэ дүгнэлтийг гарсны маргааш нь буюу Баасан гарагт Трамп дахин шинэ арга хэмжээ авахаа зарлажээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Трамп ирэх долоо хоногт аюулгүй байдлын шинэ арга хэмжээ авна гэж ярьсан байна.

“Манай орны аюулгүй байдал бол миний энд зогсож байгаагийн нэг шалтгаан” гээд “Тиймээс бид улс орныхоо аюулгүй байдлын төлөө маш хурдтай арга хэмжээ авна. Та бүхэн ирэх долоо хоногт үүнийг харах болно” гэж Трамп мэдэгджээ.

Тэр бас одоогийн шүүх дээр гацаад байгаа цагаачлалын хоригийг сэргээхийн тулд үргэлжүүлэн ажиллахаа мэдэгдээд өөрийгөө ялна гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн юм.

Цагаан ордны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Трампын баг өмнөх алдаанаасаа суралцаж, хуулийнханд ойлгогдох үг хэллэгтэй шийдвэр гаргахаар бэлдэж байгаа гэжээ.

Ерөнхийлөгчийн өмнөх шийдвэр хүмүүсийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан агуулгатай гэсэн үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.

Харин Трамп үүнийг тайлбарлахдаа “Энэ бол шашны тухай асуудал биш. Энэ бол терроризм, улс орныг аюулаас хамгаалах тухай юм. Дэлхий дээр муслим хүн ам голлодог 40 гаруй улс бий. Тэднийг бүгдийг хориглоогүй” гэж байв.

Трампын өмнөх захирамжид Иран, Ирак, Сири, Сомали, Судан, Йемен, Ливи гэсэн долоон орны иргэд хамрагдаад байсан юм.

 

Эх сурвалж: Independent