Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Дундаж давхарга 12 жилийн хугацаанд хэрхэн өсөв?

Б.Ану
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монголчуудын дундаж давхарга нийт өрхийн 30-90 хувийг эзэлж байна. Энэ хол зөрүүтэй тооцооллыг сонсоод та гайхаж байна уу. 

Тооцооллын арга хэлбэр, хэмжилтээсээ шалтгаалаад дундаж давхаргын хэмжээг янз бүрээр гаргаж ирж болох аж. Өрхийн орлого эсвэл зарлага, үгүй бол зөвхөн хөрөнгөн дээр нь үндэслэж ийнхүү янз бүрийн тоо гаргаж ирж болно. 

“Жишээ нь, хатуу тодорхойлолтоор хэмжвэл манай улсын дундаж давхарга 30 хувь байна. Тэгэхээр тухайн судалгааг аль талаас нь хийсэн бэ гэдэг нь их чухал. Бидний хувьд орлогын эх үүсвэрийг гол үзүүлэлт болгож тооцсон. Тэгвэл нөгөө талд зөвхөн хөрөнгөтэй нь холбосон үзүүлэлтийг ч гаргах ёстой байдаг” талаар Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн (ERI) судлаач З.Манлайбаатар ярилаа. 

Яагаад тэгвэл нийгэмд дундаж давхарга чухал байдаг. Яагаад тэднийг ийнхүү онцгойлон судалж нийгэмд эзлэх хувийг хэмжих шаардлага байдаг вэ.  

“Мэдээж дундаж давхарга яагаад ач холбогдолтой вэ гэдэг дээр эдийн засагчид олон судалгаа гаргасан. Ер нь дундаж давхарга ихтэй нийгэмд эдийн засгийн өсөлт илүү байдаг. Яагаад гэхээр дундаж давхаргын өрхүүд хэрэглээ их. Хэрэглээгээрээ дамжуулж худалдан авалт их байдаг учраас бизнесийн өсөлт сайн байх нь бий. Мөн хэрэглээ их байхаас гадна хэрэглээний нэр төрөл олон байдаг. Тэгэхээр тэр нэр төрөл болгон дээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх боломж гарч ирдэг. Мөн дундаж давхарга ихтэй оронд хуримтлал их байдаг. Дээрээс нь боловсролд их ач холбогдол өгдөг хэсэг бол дундаж давхаргынхан. Мөн дундаж давхаргаас хувиараа бизнес эрхлэгчид их төрж гарч байгаа судалгаанууд бий” гэж  З.Манлайбаатар ярилаа. 

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн дэргэд бодлого судлалын хараат бус төвийг 2010 оны аравдугаар сард Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн буюу ERI нэртэйгээр байгуулсан юм.

Тус хүрээлэнг МУИС, АНУ-ын Мэрилэндийн Их Сургуулийн IRIS төвтөй хамтран байгуулсан аж. 

Өнөөдөр ERI Монгол Улсын эдийн засгийн олон сонирхолтой судалгааг танилцуулсан юм. Түүний нэг нь Монгол Улсын “Дундаж давхаргын судалгаа” байв. 

З.Манлайбаатар, Б.Цэндсүрэн нар Үндэсний Статистикийн Хорооны тоог ашиглаад өрхийн бодит орлогыг тооцон гаргаж улмаар хэд хэдэн төрлийн хэмжилтийг хийжээ. 
Тэд жишээ болгож 4-5 тодорхойлолтоор дундаж давхарга хэд байна вэ гэдгийг тодорхойлсон байна. 

“Азийн Хөгжлийн Банкны 2008 оны Азийн хөгжиж байгаа 20 гаруй оронд хийсэн судалгаа байдаг. Энэ судалгаагаар манай дундаж давхарга 70 хувьтай гарч байсан бөгөөд энэ судалгааны орлогын босго нэлээн сул байсан. Тэгэхээр аргачлалаасаа хамаараад тоо яаж ч гарч болно” гэдгийг З.Манлайбаатар онцоллоо. 

ERI-ийн энэхүү судалгаагаар 2002-2014 оны өрхийн дундаж орлогоор дундаж давхаргыг хэмжихийг оролдсон байна. Хамгийн сул хэмжилтээр хэмжихэд Монгол Улсын дундаж давхарга 85 орчим хувьтай гарч байгаа бол орлогын босго өндөр хэмжүүрээр хэмжвэл 30 орчим хувь байгаа аж. 

Харин байж болох дундаж хэмжүүрээр үзвэл 2014 оны байдлаар Монгол Улсын дундаж давхарга 58 хувь байна гэж үзжээ. 

График 1, 

“Орлого нь дотроо бас олон янзын хэмжүүртэй. Гэхдээ аль ч тодорхойлолтоор нь аваад үзсэн дундаж давхарга нэмэгдсэн байгаа юм. 2002 оноос хойш дунджаар 10 орчим хувиар энэ давхарга нэмэгдсэн” гэж судлаач З.Манлайбаатар ярилаа. 

Хамгийн бага шалгуур үзүүлэлт буюу дундаж давхарга 85 хувь байна гэдгийг хэмжихийн тулд нэг хүнд ногдох өдрийн орлогыг жишээ нь 2-26.5 ам.доллар байхаар тооцсон тухайгаа илтгэлдээ дурджээ.