Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Лхагва 2017 оны Азийн Сангийн хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо

ikon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Азийн Сан 2017 оны “Азийн Сангийн хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөр: Азийн ирээдүйн манлайлагчид” хөтөлбөрт шалгарсан оролцогчдыг зарлаж байна.

Энэ оны хөтөлбөрт Ази тивийн 11 орноос  төр, төрийн бус байгууллага, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлсөн, өөрийн салбарт тодорхой амжилт гаргасан, хүсэл тэмүүлэл бүхий долоон эмэгтэй, таван эрэгтэй залуу манлайлагчид шалгарлаа. Бүс нутгийн хэмжээнд шинэ сэтгэлгээ бүхий залуу үе төрөн гарч, өөрсдийн туршлагадаа тулгуурлан орон нутаг болон дэлхий нийтийн хэмжээнд шинэчлэлт, өөрчлөлт хийж, нөлөөллийг бий болгож байна.

Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй Азийн Сангийн манлайлын хөтөлбөр нь эдгээр залуучуудыг нэгтгэж бүс нутгийн хамгийн тулгамдсан хөгжлийн сорилтуудад хандсан бүтээлч шийдлийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох юм. 

Э. Лхагва нь эрэн сурвалжлах сэтгүүлч, Монгол Телевизийн мэдээний албаны гүйцэтгэх продюсерээр ажилладаг. Тэрээр  Ротари клубын Элчин сайд нарын тэтгэлэгт хамрагдан Хонг Конгийн их сургуулийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн судалгааны төвд суралцжээ. Хонг Конгоос эргэн ирсэний дараа Монгол Телевизийн мэдээний албыг удирдан ажиллаж, сэтгүүл зүйд Монгол Телевиз хэмээх брэндийг үүсгэн, тус телевизийн мэдээний хөтөлбөрийг Монгол улс дахь хамгийн олон үзэгч бүхий хөтөлбөрүүдийн нэг болгож чадсан юм.

Шүүхийн орчуулагч, Сайдын туслахаар өмнө ажиллаж байсан Э.Лхагва нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай Панамын баримт бичгүүдийн төсөлд хамтран ажиллаж сэтгүүл зүйд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын анхны зөвлөл болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоо Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байна. Э. Лхагва нь Дэлхийн эдийн засгийн форумын Глобал Шейперс нийгэмлэгийн гишүүнээр сонгогдож, Форбс Монгол сэтгүүлийн  30 хүртэлх насны 30 манлайлагчийн тоонд багтаж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны олон улсын манлайлагчаар нэрлэгдсэн юм. 

Өмнөх жилийн хөтөлбөрүүдийн адил 2017 оны Азийн Сангийн хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогчдоор нь 40 хүртэлх насны, өөрийн мэргэжлийн салбар болон орон нутгийн хэмжээнд манлайлыг үзүүлсэн, цаашид илүү их амжилт гаргах боломжтой, авьяас, чадвартай хүмүүс сонгогддог юм.

Афганистан, Бангладеш, Камбож, Энэтхэг, Индонези, Монгол, Мьянмар, Балба, Пакистан, Шри Ланка болон Тайланд улсыг төлөөлөн сонгогдсон 2017 оны хөтөлбөрийн оролцогчид нь мэргэжлийн олон салбарыг төлөөлөх, хөгжлийн болон олон нийтийн салбарт бодит үр дүнтэй ажлуудыг хийсэн, манлайлал болон цаашид гаргах амжилт зэрэг шалгууруудын хүрээнд сонгогдсон билээ. Сонгогдсон оролцогч бүр нь Азийн Сангийн үйл ажиллагааны үндсэн салбар болох засаглал, эрх зүй, эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, байгаль орчин болон бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг салбаруудад ажиллаж туршлага хуримтлуулан, тодорхой амжилт гаргасан хүмүүс юм.

2017 оны хөтөлбөрийн хүрээнд оролцогчид БНСУ, Вьетнам болон АНУ-ын Сан Франциско хотуудад явагдах тусгайлсан сургалтууд, мөн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах эсвэл тухайн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөлд зарцуулах 5,000 ам доллар хүртэл хэмжээний жижиг тэтгэлэг багтаж байна. 


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү: http://asiafoundation.org/what-we-do/asia-foundation-development-fellows/.

 

Эх сурвалж: Азийн сан