Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хар Баасан гарагийн баривчилгааг халах С.Бямбацогтод “За” гэж хэлье!

Н.Эрдэнэ, Өглөөний сонин
2017 оны 2 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дуучин Т.Ариунаагийн “Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэдэг шиг Хууль зүй, дотоод хэргийн сайдад “за” гэж хэлэх учир байна. Тэрбээр хуулийн байгууллагын тодорхой субъектүүд эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, хүний эрх зөрчдөг “хар баасан гараг” гэгчийг халахаар зориг гаргаж сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгох хуулийн төсөл өргөн мэдүүлжээ.

Үүнийг нь энэ долоо хоногт бусад хуулийн төслүүдтэй хамт парламентаар хэлэлцэх юм. Энэхүү өөрчлөлт хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хуулийн байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэхэд тун ач холбогдолтой тухай өгүүлье.

Олон ч хүн, мэдээллийн хэрэгслүүд ярьж бичдэг дээ, “хуулийн байгууллагууд хэн нэг хүний гар хөл болж, улс төрөөс хараат үйл ажиллагаа явуулж байна”, “манай улс шоронжсон нийгэмтэй боллоо” гэх мэтээр. С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүн тасалсан явдлаас хойш хуулийн байгууллагын нэр хүнд навс унаад байгааг захын сайт, мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээнд бичигдсэн сэтгэгдлүүдээс анзаарч болно.

Хуульзүй, дотоод хэргийн сайдын УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл энэ байдалд бага ч атугай өөрчлөлт хийх, хууль хүчний байгууллагуудын унасан нэр хүндийг сэргээх найдлага байгаа юм.

Сэжигтнийг 72 цаг баривчлах хуулийн боломжийг “хар баасан гараг” гэж нэрлэдэг. Баасан гаригт баривчлагдсан сэжигтний ар гэрийнхэн, ойр дотны хүмүүс ямар ч арга хэмжээ авч чадалгүй, тухайн хүнийхээ эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг ч мэдэж чадалгүй, ямарваа нэг өмгөөлөл үзүүлэх боломжгүйгээр даваа гариг хүргэдэг.

Харин тэрхүү баривчлагдсан сэжигтэн, ар гэрийнхнийх нь хувьд өнгөрүүлсэн зовлонт 72 цаг мөрдөн байцаагчид залхаан цээрлүүлэх, дарамтлах замаар хэрэг тулган хүлээлгэх боломж олгодог аж. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл энэ тухай “Ямар, ямар шатанд хүний эрх зөрчигддөг вэ гэдэг нь тодорхой байдаг.

Сэжигтнийг 72 цаг баривчлах хуулийн боломжийг “хар баасан гараг” гэж нэрлэдэг.

Хуулийнхан баттай баримт нотолгоогүйгээр дурын хүндээ эрүү үүсгэх, олон цаг, удаан хугацаагаар хорьж дарамтлах, залхаан цээрлүүлэх замаар эрхийг нь зөрчиж байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлыг шийдэх ёстой хууль бол Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хууль юм байна гэж үзээд өөрчлөхийг оролдсоор ирсэн.

Харамсалтай нь хэдийнэ олон улсын хүний эрхийн байгууллага, сэтгүүлчид Монгол Улс чинь гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг ямар ч шүүхгүйгээр баривчилж, гэм нь тогтоогдоогүй хүнийг хорьчихдог аймшигтай улс юм гэсэн шүүмжлэл гаргачихсан. Ингээд манай орныг дэлхийн бүх хэвлэл “Хотел Монголиа” гэж хочилсон. Юу гэж шоолсон бэ гэхээр Монгол гэдэг зочид буудал байдаг юм. Тэр нь таныг оруулаад түгжчихдэг, гаргадаггүй гэж ёгтолсон” гэжээ. Энэ бол гашуун үнэн.

Хүний эрхийг зөрчих боломж гаргаад байгаа тэрхүү заалтуудыг засаж, өөрчлөхөөр Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын олон гишүүд ажиллаж яг чуулган дээр хууль батлах өдөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын гурван даргын гарын үсэгтэй мэдэгдэл сайтуудаар битүү цацагдаж байжээ. Магадгүй ийм дарамт одоогийн Хуульзүйн сайдад ирэхгүй гэх баталгаа ч байхгүй.

Сэтгүүлчдийн ямар ч асуултыг мөрдөн байцаах ажиллагааны нууц гэдэг үгээр таслан мухарладаг хэр нь хүсвэл тэр нууцаа хэвлэлийн бага хурал зарлаж байгаад л ил шууд зарлачихдаг, ингэснээр тухайн хэргийн сэжигтнийг нийгэм даяар адлагдах, гутаан шившиглэх кампанит ажил өрнөнө. Шүүхийн танхимд орохоос өмнө гэмт хэрэгтэн гэж цоллогдож, “яллагдах” явдал олны танил хүмүүсийн хувьд бүр ч их. Захын жишээ дурдахад л “Хүргэн Дэнзэнгийн” гэх тодотголтой хэрэг байна.

“Эсэргүү Данзан” гэдэг шиг л “Хүргэн Дэнзэн”-гийн хэрэг хэчнээн ч олон жилийн өмнөөс нийгмийг шуугиулав, одоо хэр нь энэ хэрэг юу болж шийдэгдсэн, яасан эсэх нь тодорхойгүй. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын гэх хэрэг ч өнөөдөр юу болж төгссөн нь бүрхэг.

ШШГЕГ-ын судалгаагаар жилд 1,863 хүнийг баривчилж хорьсноос 650 хүнийг 72 цагийн хугацааг нь дуусгаж байж баривчлах байрнаас суллажээ.

Өнөөдөр ч ийм сүр дуулиантай хэвлэлээр зарлагдан, шүүхээр үнэн мөнийг нь тогтоогоогүй байхад хэрэгтний нэр зүүчихсэн яваа, зүүж эхэлж байгаа өч төчнөөн хүн захаас аваад гарсаар л.

ШШГЕГ-ын судалгаагаар жилд 1,863 хүнийг баривчилж хорьсноос 650 хүнийг 72 цагийн хугацааг нь дуусгаж байж баривчлах байрнаас суллажээ. Харин 913 хүнийг 14 хоног хорьсон ч, тэднээс 300 хүнийг нь л яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорьсон байна.

Баривчлагдсан, хоригдсон сэжигтнүүдээс гуравны нэг нь гэмт хэрэг үйлдсэнд магадлалтайд тооцогдож цаашид шалгагддаг бол бусад нь бие, сэтгэлээрээ хохирогч болоод үлддэгийг судалгаа харуулж байгаа юм.

Нийгэмд бугшсан ийм үзэгдлийг бага ч атугай арилгахад хувь нэмэр оруулж чадвал С.Бямбацогт сайдад “За” гэж хэлэх ч багадах юм шүү. Элдэв дарамт шахалт, лоббид авталгүй, хуулийн төслөө батлуулж чадах эсэхийг нь харах үлджээ.

Зураг