Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Япон шиг болоход Өмнөд Солонгост 20 жил дутуу байна гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагчид аливаа улс орны эдийн засгийн өсөлт удааширч, хүн амын төрөлт буурах үзэгдлийг “хүн ам зүйн цагтай бөмбөг” гэж нэрлэдэг.

Үүний хамгийн тод жишээ нь Япон улс.

Японы хүн ам сүүлийн 10 жил тасралтгүй хорогдож, 2016 онд сүүлийн 117 жилийн хугацаанд анх удаагаа шинээр төрсөн хүүхдийн тоо нэг саяд хүрсэнгүй.

Энэ хооронд 65-аас дээш настай хүний тоо тасралтгүй өсөж байсан юм. Тэгвэл Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) шинэ тайланд дараагийн ийм хэлбэрт шилжих орноор Өмнөд Солонгосыг нэрлэлээ. Тайланд өгүүлснээр одоогийн Өмнөд Солонгосын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал 1990-ээд оны Японтой тун адилхан байгаа гэнэ.

Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл 2035 онд “хүн ам зүйн цагтай бөмбөг” Өмнөд Солонгост дэлбэрэх ажээ.

“Солонгосын цаашдын сорилт - Японы туршлагаас суралцахуй” нэртэй ОУВС-аас гаргасан тайланд “Японы тэтгэврийн насныхан нэмэгдэх тусам ажил эрхлэх насны хүн амын тоо хорогдож байна. 1995 онд хүн амын 63 хувь нь ажил эрхлэх насанд буюу 18-65 насныхан байв. 2015 онд энэ хэмжээ 56 хувь болж буурчээ. Тэгвэл Өмнөд Солонгосын одоогийн хүн амын ажил эрхлэх насныхан 66.5 хувь байгаа нь 2015 оны Японы хэмжээнд хүрэхэд 20 жил байгааг харуулж байна” гэсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Японы эдийн засгийн өсөлт 1980-аад оны сүүлээр дундаж нь 4 хувьтай байснаа 2000-аад оны үед 1 хувь хүрэхгүй болжээ. Өмнөд Солонгосын хувьд 1991 оны 8 хувийн өсөлт нь 2015 онд 2.9 хувь болж буураад байгаа юм.

Хүн амзүйн цагтай бөмбөгийг зогсоох маш хэцүү. Учир нь Япон, Солонгос дахь нөхцөл байдал нь олон хүчин зүйлээс бий болсон. Тухайлбал хэт урт ажлын цаг, ар гэртээ анхаарал тавих боломж бага, хүн амын наслалт өндөр, настнуудаа халамжлах залуу хүмүүсийн тоо буурсан, уламжлалт соёл нь эмэгтэй хүнийг ажил эрхлэхэд таагүй ханддаг зэрэг.

Өмнөд Солонгос 2045 онд манай дэлхийн хамгийн өндөр настай иргэдтэй улс болохоор байгаа бол Японы хүн ам дотор 65-аас дээш настнууд хамгийн том хувь буюу 26.7 хувийг эзэлж байна.

Хүн амын өсөлтийг хангах хэмжээний нөхөн үржих хувь нь нэг эмэгтэйд 2.2 хүүхэд байдаг. Гэтэл энэ хэмжээ Японд 1.41, Өмнөд Солонгост 1.25 байгаа юм.

Эдийн засагчид энэ хүндрэлээс гарах арга зам нь эмэгтэйчүүдийг олноор ажиллахыг дэмжих бодлого барих, нийгэм дэх хүйсийн ялгааны ойлголтыг арилгах гэж зөвлөжээ.

Одоогоор Өмнөд Солонгост энэхүү үзэгдэл бүрэн мэдрэгдэж эхлээгүй байгаа ч Японы туршлагаас эртхэн суралцах ёстойг ОУВС анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Business Insider