Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Монополь" -члогдсон гажиг тогтолцоо

Б.Төрбат
2017 оны 2 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Шатахууны үнийг нэмэхээс нь өмнө биш, нэмснийх нь дараа мэддэг гажиг тогтолцоог хэзээ халах вэ- 

Нефть импортлогч аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүссэн үедээ, дуртай цагтаа ширээ тойрч суучихаад шатахууны үнийг нэмэх шийдвэрийг гаргадаг гажиг тогтолцоо үйлчлээд олон жил болж байна. Энэ гажиг тогтолцоо нь тэдэнд төрийн шийдвэрийг хүртэл үл огоорох "эрх мэдэл"-ийг олгодог гэвэл нэг их хол зөрөхгүй байх.

Өөрөөр хэлбэл, иргэд битгий хэл төрийн хувь заяаг зурж суудаг нөхдүүд ч шатахууны үнийг нэмэхээс нь өмнө биш, нэмснийх нь дараа мэддэг болжээ. Яг ийм үйл явдал өнгөрсөн амралтын өдөр давтагдлаа. Тодруулбал, өнгөрсөн ням гарагийн өглөө “Петровис”, “Шунхлай” зэрэг компани шатахууныхаа үнийг төрөл тус бүрт 100 төгрөгөөр нэмсэн нь иргэдэд эдийн засгийн хувьд хүндхэн цохилт болов.

Ганц иргэд ч гэлтгүй төр, засгийнханд ч гэсэн “Петровис” АИ-92 төрлийн шатахуунаа 1,630 төгрөг, “Шунхлай” компани 1,625 төгрөгөөр түгээж эхэлсэн нь гэнэтийн цочир мэдээ болсон нь лавтай.

Учир нь, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас оны өмнөхөн шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулах шийдвэрийг гаргасан билээ. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн зах зээл дэх шатахууны үнэ аажмаар өсч байгаа зэргийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг тогтвортой барих боломжтой гэж үзэж байв.

Энэхүү шийдвэрийг олон нийт ч талархан хүлээн авч, ялангуяа Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбооноос "Энэхүү зохицуулалтыг хийгээгүй бол шатахууны үнэ литр тутамдаа 100-130 төгрөгөөр өсөх байсан. Харин Засгийн газар онцгой албан татварыг нь бууруулснаар газрын тосны үнэ буурахгүй, бас өсөхгүй боллоо" гэдгийг хэлж байсан юм.

Харамсалтай нь, тэд ингэж хэлээд арав ч хонолгүй шатахууныхаа үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр нэмчихлээ. Хамгийн гол нь, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууныхаа үнийг нэмэхдээ хэнд ч мэдэгдэлгүй, нууцаар шахам тохиролцож нэгэн зэрэг нэмсэн явдал юм. Нэмэх нэмэхдээ иргэд, олон нийтийн амралтын өдөр шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр нэмсэн нь эрхгүй анхаарал татаж байна. Үүнийг нь шатахууны үнийг хянаж байх ёстой салбар яам болон холбогдох газрууд нь ч нэмснийх нь өмнө биш, нэмснийх дараа мэджээ. 

Тэгвэл энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Дэд дарга Л.Раднаасүрэнгээс тодруулахад “Одоогоор манай газарт ийм мэдээлэл ирээгүй” гэв. Түүнчлэн өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат "Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөсөн.

Иймд шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагатай хамтран байгуулан ажиллаж байна" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө. 

Тэрбээр "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд энэ оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелаар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мян/баррелаар тус тус бууруулахаар шийдвэрлэсэн.

Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. Үүнээс хамааран энэ оны нэгдүгээр сарын шатахууны импортын үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллар/тонн-оор өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн юм.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн гуравдугаар хуралдааныг энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж, холбогдох “Зөвлөмж”-ийг Засгийн газарт хүргүүлсэн.

Үүний үр дүнд Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан" гэдгийг ч хэлж байна. 

Харамсалтай нь, Засгийн газраас нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, шатахууны үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх шийдвэр, тогтоолыг гаргасан ч нефть импортлогч компаниуд шатахууныхаа үнийг ийнхүү нэмлээ. Энэ нь төрөөс дээгүүр эрх мэдэлтэй, төрийн шийдвэрийг үл огоордог, дур мэдэн шатахууныхаа үнийг нэмдэг нефть импортлогчдод төрийн төмөр нүүр хэрэгтэй болсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг нэмэхээс нь өмнө биш, нэмснийх нь дараа мэддэг гажиг тогтолцоог халах цаг нь болжээ.

Нууцаар үгсэн тохиролцож, нэгэн зэрэг шатахууныхаа үнийг хүссэн тоогоороо нэмдэг нефть импортлогч компанийн удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Эсрэгээрээ төр, засгийнхан ч гэсэн "монополь"-члогдсон гажиг тогтолцоогоо засах шаардлагатай байна.

Зураг