Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Япон-Хятадын хооронд маргаантай байгаа арлуудыг АНУ хамгаална гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Пентагоны тэргүүн Жэймс Мэттис

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шинээр томилсон Пентагоны тэргүүн Жэймс Мэттис өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос, Япон улсуудаар зочилсон юм.

Япон улсын харьяанд байдаг ч Хятад, Тайвань улсууд өөрийн газар нутаг гэж маргадаг арлуудыг батлан хамгаалах гэрээнийхээ хүрээнд АНУ хамгаалах болно гэж мэдэгдсэн нь Бээжингийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Бямба гарагт Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Кан эдгээр арлуудын асуудлыг сөхөхгүй байхыг АНУ-д уриалж, Япончууд Сенкаку, Хятадууд Дяоюү, Тайвань Тяоюутай гэж нэрлэдэг бүлэг жижиг арлууд нь Хятадын газар нутаг гэж мэдэгджээ.

Тэрээр 1960 онд АНУ-Японы хооронд байгуулагдсан батлан хамгаалах гэрээ нь Хүйтэн дайны үеийн бүтээгдэхүүн бөгөөд түүнд Хятадын газар нутгийг хамруулах ёсгүй гэсэн байна.

Тайвань, Окинавагийн хооронд орших, хүн амьдардаггүй эдгээр арлууд нь Дэлхийн II дайны дараа АНУ-ын захиргаанд байж байгаад 1972 онд Японд буцааж өгсөн юм.

Харин арлуудыг Хятадын газар нутаг гэж Бээжин түүхийн эх сурвалжуудыг сөхөн тайлбарладаг.

Мэттис зөвхөн Японд хэлсэн үгээрээ Бээжингийн дургүйг хүргэсэнгүй, Сөүлд түүний хийсэн мэдэгдэл мөн л хэл ам дагууллаа.

Мэттис Обамагийн засаг захиргааны үед Өмнөд Солонгост орчин үеийн пуужингаас хамгаалах систем нийлүүлэхээр тохиролцсоныг Трампын засгийн газар үргэлжүүлнэ гэсэн юм.

АНУ-аас нийлүүлэх THAAD (Terminal High-Altitude Area Defense) систем нь Хойд Солонгосын пуужингаас Өмнөд Солонгос, Японыг, мөн эдгээр улсуудад байрлаж байгаа Америкийн цэргийн баазуудыг хамгаалах зорилготой гэж байгаа.

Харин Бээжин энэ системийн хүчирхэг радарын систем нь зүүн хойд Хятад дахь цэрэг, зэвсгийн шилжилт хөдөлгөөнийг гадаадаас хянах боломжоор хангана хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Лу Кан мэдэгдэлдээ THAAD системийг Өмнөд Солонгост суурилуулах ажиллагааг Хятад улс эсэргүүцсэн хэвээр байгаагаа мэдэгджээ.

Түүний мэдэгдэлд “пуужингаас хамгаалах шинэ систем нь бүс нутгийн аюулгүй байдал, стратегийн ашиг сонирхолд хор хүргэж, стратегийн тэнцвэрийг алдагдуулж байна” гэсэн байна.

Дээрхээс гадна Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, Тайваний хоолойн асуудал дээр Трампын засаг захиргаа Хятадад хатуу бодлого явуулна гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Times