Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Засгийн газрын 200 дахь хоногийн ажлыг дүгнэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ болон дэд дарга Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийлээ. 

С.Эрдэнэ “Бүлгийн хурлаар Эрүүгийн болон Зөрчлийн хууль, бусад гэсэн асуудлын хүрээнз зарим асуудлыг ярилцлаа. 
Нэгдүгээрт, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд шинэчлэн найруулгын хэмжээнд өрчлөлт оруулж байгаатай холбогдуулан мэргэжлийн хүмүүс болон ХЗДХЯ-ны удирдлагуудаас мэдээлэл авлаа. 

Зөрчлийн тухай хуулийн хэрэгжин хугацаа нь ирэх долоодугаар сарын 1-н байгаа. Зөрчлийн тухай хуулийн үндсэн үзэл санаанд өөрчлөлт ороогүй, техникийн шинжтэй үг, үсэг, зүйл заалтын тайлбар зэрэгт өөрчлөлт орж байгаа гэсэн тайлбар өгсөн. 

Эрүүгийн хуулийн 40 орчим хувьд нь өөрчлөлт орж байгаа юм байна. Мөн л техникийн чанартай өөрчлөлт орж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Бидний зүгээс Эрүү, Зөрчлийн хуулийг нэгтгээд иргэд болон хуульчдад зөв ойлгогдох талаас нь  нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн бүлгийн дүгнэлт гарган ХЗДХЯ-ны удирдлагад тавихад боломжтой гэсэн хариу өгсөн.  

Эрүү, Зөрчлийн хууль заасан зорчих эрхийг хязгаарлах зүйл заалттай холбоотойгоор хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн үндэслэлийг хэлсэн. Эрүүгийн хуульд хорих доод хугацааг долоо хоног байсныг зургаан сар болгон өөрчилж байгаа. Торгуулийн хэмжээгээр зохицуулах замаар доод хэмжээг зургаан сар болгож байгаа нь хөрөнгө мөнгө хэмнэж, хоригдох хүний тоо эрс багасна гэж үзэж байгаагаа танилцуулсан” гэлээ.  

Б.Пүрэвдорж “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт Байнгын хороо, Их хурлаар хэлэлцэгдсэн. Манай намын зүгээс энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан ч Байнгын хороон дээр унасан. 

Энэ хуулиар гол нь давхар дээлийн асуудал яригдаж байгаа. Уг нь МАН сөрөг хүчин байхдаа УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Гэтэл өнөөдөр эрх барих хугацаандаа төрийн албаны бүх түвшинд давхар дээлийг оруулж ирэх хууль санаачилж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн ИХ, сумын ИТ, дүүргийн ИХ-д ажиллаж байга иргэдийн төлөөлөгчдийн 1/3 нь төрийн захиргааны албан хаагч байж болохоор хуулийн заалт оруулж ирсэн. Ингэснээр төрийн бүх шатанд давхар дээлтэй болно гэсэн үг. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байгаа” гэв.  

Л.Гансүхийн асуудлаар бүлгийн гишүүд УЕП-т хандана 

С.Эрдэнэ “Бусад гэсэн асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн хоригдож байгаатай холбоотой асуудлыг бүлгээр хэлэлцлээ. Түүний өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан байгаа юм байна. Гэр бүлийн хүн нь хүн өвчтэй байгаа зэрэг олон шалтгааныг дурдсан байгаа. Бид бүлэг дээр ярилцаад бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурж Улсын Ерөнхий Прокурорт хүсэлт хүргүүлэх шийдвэр гаргасан. Бүлгийн улс төрийн албан ёсны байр суурийг одоогоор илэрхийлэх боломжгүй гэж үзсэн учир гишүүдийнхээ хувиар Ерөнхий прокурорт хандахаар боллоо. 

Түүнчлэн Засгийн газрын 200 дахь хоногийн дүнг авч хэлэлцэхээр болсон. Энэ засгийн газар байгуулагдаад 200 дахь хоногтоо ажил нь явагдаад дуусч байна. Энэ хооронд юу хийж бүтээв, улс орны эдийн засагт ямар өөрчлөлт гарав гэдэгт дээр дүгнэлтээ гаргая гэж тохирсон. Ирэх 13-ны буюу дараагийн бүлгийн хурлаар Засгийн газрын 200 дахь хоногийн ажлын дүнг авч хэлэлцээд олон нийтэд албан ёсны байр сууриа илэрхийлнэ” гэлээ.