Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Францын Дональд Трамп сонгуулийн ажиллагаагаа нээлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Марин Ле Пэн

Францын хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намын тэргүүн Марин Ле Пэн өнгөрсөн Ням гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаагаа эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Ле Пэн үг хэлэхдээ Франц орон хоёр аюулын өмнө сөхрөх гэж байна хэмээсэн нь эдийн засгийн глобальчлал, Исламын суурь үзэл хоёр гэжээ.

Лион хотод болсон арга хэмжээн дээр тэр “Бид Исламын суурь үзлийн аюул дор амьдрахыг хүсэхгүй” гээд Исламистууд Францад суурьших нь тахианы байранд чоно амьдрахтай адил гэж зүйрлэсэн байна.

Тэрээр Францад байгаа Исламын сүм хийдүүдийг хааж, хуврагуудыг нь хөөж гаргана гэв.

Ле Пэн “цаашдаа зүүн, барууны хуваагдал гэж байхгүй болж оронд нь эх орончид ба глобалистууд гэж хуваагдана” гээд “Эдийн засгийн глобальчлал, Исламын глобальчлал хоёр харилцан бие биеэ дэмжиж байна. Энэ хоёр үзэл санаа Франц орныг сөхрүүлэхийг санаархаж байна” гэсэн юм.

Сүүлийн үеийн санал асуулгуудад Ле Пэн дөрөвдүгээр сарын 23-нд болох Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний даваанд ялахаар харагдаж байгаа.

Ле Пэн цагаачдын тоог жилд 10,000 хүртэл хязгаарлах, Еврогоос франк руу буцах, хууль бус дүрвэгчдийг албадан гаргах, зөвхөн Францын иргэдэд төлбөргүй боловсрол олгох зэрэг санаануудыг хэрэгжүүлэхээ амлаад байна.

Тэр бас Европын Холбооноос гарах сонголт хийсэн Британичуудад, Дональд Трампыг сонгосон Америкчуудад баяр хүргэсэн юм.

“Британичууд эрх чөлөөг сонгосон, тэд өдөр бүр өөрсөддөө баярлаж явах ёстой. Америкчууд үндэсний эрх ашигаа сонгосон. Олигархуудын эсрэг ард иргэдийн тэмцэл сэргэж байна. Боломжгүй байсан зүйл боломжтой боллоо” хэмээн Ле Пэн онцолжээ.

Ийнхүү Америк, Британид сэргэсэн глобалчлалын эсрэг үзлийн давалгааг Францад үргэлжүүлнэ гэсэн улс төрч сонгуулийн ажиллагаагаа эхлүүллээ.

 

Эх сурвалж: Independent