Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

“TTJVCO”-д өгөх өр 26 сая ам.долларт хүрсэн байна

ikon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Л.Энхболдын тавьсан асуулгын хариуд ЗГХЭГ-аас гаргасан албан ёсны тайлбарт TTJVCO-гийн өрийн талаар тодорхой тоонууд харагдаж байна. “Чалко”-д өгөх өрөөс гадна шинэ өр нэмэгдсэн гэх мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон. Тэр нь TTJVCO-д өгөхөөр болсон өр. Шинэ өр яаж үүссэн түүхийг сөхье. Өнгөрөгч оны эхээр “Чалко”-гийн өрийн үлдэгдэл 76.7 сая ам.доллар байсан бөгөөд энэ оны 4-р сарын 1 гэхэд төлж барагдуулна гэж буй. Гэтэл “Чалко”-гийн өрийн үлдэгдлээс гадна өнгөрсөн оны  12-р сарын эцсийн байдлаар  олборлогч TTJVCO компанид 26 сая ам.долларын өр нэмэгджээ. Энэ бол Засгийн Газраас өгсөн тайлбар дээр бичсэн тоо.

Австралийн олборлогч компани “Макмахон”-ы оронд 2015 онд гэрээлсэн гэх Хятадын TTJVCO гэгч компанитай анхнаасаа ажлын хөлсийг бэлэн мөнгөөр биш олборлосон нүүрсний 65 хувьд тооцож нүүрсээр тооцох яриа хэлцэл хийсэн байдаг. Ингэхдээ TTJVCO-гийн олборлолтын ажлын хөлсийг өртгөөсөө ч доогуур буюу тонн тутамд 27 ам.доллар гэдэг нь тухайн үед “Чалко”-гийн өрөнд тооцож өгч байсан үнэ юм. Хатуу гэрээтэй, дөрвөн индексээр тооцдог учир ийм бага үнэ өгөхөөс өөр аргагүй гэсэн тайлбарыг тодорхой албан тушаалтнууд тухайн үед тайлбарлаж байсан. “Чалко”-гийн өрийг ийм үнээр өгөхөөс өөр аргагүй байж гэж бодоход, TTJVCO гэгч олборлогчийнхоо ажлын хөлсийг яг адилхан 27 доллар буюу өртгөөс доогуур үнээр тооцож өгөхөөр тохирсон нь эргэлзээ төрүүлдэг.

Товчхондоо  олборлогч олборлолт хийх тусам тонн ту тамд 4-6 долларын өр шинээр үүсч хуримтлагдсаар, өдгөө 26 сая долларт хүрчээ. Шинэ өр гээд байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл TTJVCO “Би чамд 32 долларын өртгөөр ажил хийж өгөөд, 27-хон долларын нүүрс хөлсөнд нь авч байгаа учир, таван долларын өр үүсч байгаа шүү” гэх зарчмаар ажиллаж иржээ.

Таван толгойг хөдөлгөж байгаа төрийн өмчит компанийн үйл ажиллагааны зардал өндөр, нэг төгрөг олохын тулд 1.4 төгрөг зарцуулдаг, нэг хүнд таван дарга ногддог гэх мэт данхар бүтэцтэйг УИХ-ын гишүүний асуулгад хариулсан ЗГХЭГ-ын тайлбараас хялбархан харж болно. Өнөөгийн Засгийн Газар УИХ-ын 2016 оны 69-р тогтоолын дагуу коксжих нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн түвшинтэй нийцүүлэх, “нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Нааштай үр дүн ч гарч эхэлж байгаа. Үүн шигээ “Эрдэнэс-Таван толгой” компанийн менежментийнх нь арга барилыг өөрчилж, үйл ажиллагааны доголдолд анхаарал хандуулахгүй бол 1,072 хувьцаа эзэмшигч иргэд бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болох нь ээ.


Эх сурвалж: Өдрийн сонин