Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Манай орон тийм ариухан, гэмгүй юм гэж үү?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп

Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп Fox News сувгийн Билл О Рэйллигийн ярилцлагад оролцжээ.

Тэрээр энэ үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг хүндэтгэж явдгаа олон нийтэд дахин харуулсан байна. О Рэйлли түүнд “Путин бол алуурчин” гэж хэлэхэд Трамп “Хаа сайгүй алуурчид байна. Манайд ч бас зөндөө алуурчин бий. Манай орныг та тийм ариухан, гэмгүй юм гэж бодож байна уу?” хэмээн буцааж асуужээ.

Трамп энэ үеэр бас Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд ОХУ-тай хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэр “Би маш олон хүнд хүндэтгэлтэй ханддаг, гэхдээ энэ нь би үргэлж тэдний талд байдаг гэсэн үг биш” гээд “Оростой хамтрахгүй байснаас хамтарсан нь илүү дээр гэж би бодож байна” гэжээ.

Билл О Рэйллигийн шоу Трампыг ерөнхийлөгчийн албаа хашиж эхэлснээс хойшх цөөхөн ярилцлагуудын нэг тул Ням гарагийн орой Super Bowl тэмцээний өмнө бүрэн эхээрээ цацагдахаар төлөвлөгдсөн байна.

Трампыг сонгуульд ялахад ОХУ-ын тусгай албадын нөлөө байсан гэх хардлага Америкийн улс төрийн хүрээнийхний дунд байсаар байгаа бөгөөд түүний Путинд хандах хандлага олон нийтийн анхаарлын төвд байнга байдаг юм.

 

Эх сурвалж: Quartz