Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ иргэддээ Алс Дорнодод үнэ төлбөргүй газар олгож эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх, хүн амын суурьшлыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны тавдугаар сард засгийн газрын тусгай хөтөлбөрийг баталсан юм.

Энэ хөтөлбөр нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүсэлт гаргасан Оросын иргэд Алс Дорнодод 10,000 метр.кв талбайтай газрыг үнэ төлбөргүй эзэмших боломжтой болжээ.

Тэгвэл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний долоо хоногт 48,000 гаруй хүсэлт хүлээж авсан байна. Хүсэлтийг https://надальнийвосток.рф сайтаар хүлээж авч байгаа юм.

Газар авч болох бүс нутагт Якут, Камчатка, Чукотка, Приморье, Хабаровск, Амур, Магадан, Сахалин, Еврейн Автономит тойрог багтаж байна.

Газар авах хүсэлт ОХУ-ын өнцөг булан бүрээс ирж байгааг албаны хүмүүс мэдээлжээ.

Камчаткын амбан захирагч Владимир Илюхин “Москва, Москва орчим, Липецк, Татарстан, Башкортостан гээд үндсэндээ Оросын бүх төв бүсийнхэн Камчаткаас газар хүсэж байгаад би баярлаж байна. Хүссэн бүхэн авах боломжтой” хэмээн ярьсан байна.

Газар авч буй хүмүүсийн 28 хувь нь тэнд өөрийн амьдрах сууц барьж босгох сонирхолтой гэсэн бол 17 хувь нь газар тариалан, мал аж ахуй эрхлэх, 7 хувь нь зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр ашиглана гэжээ.

Алс Дорнодын газрыг зөвхөн хуулинд нийцэх зориулалтаар ашиглах ёстойгоос гадна таван жилийн дотор буцааж өгөх, бусдад түрээслэх, зарах боломжгүй юм байна.

 

Эх сурвалж: Russia Today