Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Румыньчууд 1989 оноос хойш анхны томоохон жагсаал, тэмцлийг хийж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар нь зарим авлигын хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болгох гэнэтийн шийдвэр гаргасны дараа хэдэн зуун мянган Румыньчууд гудамжинд жагсаж байна.

Жагсагчид засгийн газрыг шийдвэрээ цуцлахыг шаардаж байгаа юм. Мягмар гарагийн орой гарсан уг шийдвэрийн дараа болж байгаа жагсаал нь 1989 онд коммунист дарангуйлагч Николай Чаушескугийн дэглэмийн эсрэг гарсан тэмцлээс хойш анхны томоохон эсэргүүцлийн ажиллагаа болж байна.

Цагдаа нартай мөргөлдсөний дараа Лхагва гарагт найман хүн бэртэж, 20 хүнийг баривчилжээ.

Шийдвэрээ цуцлах шаардлагыг томилогдоод сар ч болоогүй байгаа ерөнхий сайд Сорин Гриндеану хүлээж авахаас эрс татгалзсан байна.

Засгийн газрын шийдвэр нь 200,000 лэй ($47,600 орчим) хүртэл төсвийн мөнгийг үрэгдүүлсэн албан тушаалтныг гэмт хэрэгтэнд тооцохгүй байх тухай юм.

Засгийн газар үүнийгээ шоронгийн ачааллыг бууруулах шаардлагаар гэж тайлбарлаж байгаа бол иргэд тэднийг өөрсдийн хамсаатнуудыг хамгаалах арга гэж үзэж байна.

Румыний худалдаа, бизнесийн яамны сайд Флорин Жяну энэхүү шийдвэртэй холбогдуулан албан тушаалаасаа сайн дураар огцорсон юм. Тэр Фэйсбүүк хуудсандаа “ёс зүй, мэргэжилдээ үнэнч байхын тулд, хүүхдүүддээ хэлэх үгтэй байхын тулд” ийм шийдвэр гаргаснаа бичжээ.

Ерөнхийлөгч Клаус Иоханнис шийдвэрийг Үндсэн хуулийн шүүхэд хянуулахаар болоод байна.

Евро Комиссийн дэд ерөнхийлөгч Франк Тиммерман Румыний засгийн газрыг гаргасан шийдвэрээ яаралтай эргэн харахыг шаардаад, хэрвээ энэ шийдвэр хэрэгжвэл Европын Холбооноос тус улсад олгох төсөв мөнгөнд нөлөөлнө гэж анхааруулжээ.

Үүнээс гадна АНУ, Герман, Канад, Финланд, Нидерланд, Франц зэрэг орнууд Румыний засгийн газрын шийдвэр нь сүүлийн 10 жил үргэлжилж байгаа авлигатай тэмцэх тэмцэлд ухралт болохоор байгааг сануулаад байна.

 

Эх сурвалж: Independent