Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөнөөс үнэтэй эрх чөлөө

Б.Сэмүүн, Өглөөний сонин
2017 оны 2 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-АН-ын нөхөд ялалт, ялагдлынхаа шокноос гарч, “цаашид ямар үйл явж болж өрнөх бол” гэсэн хүлээлтийн байдалд ороод байна-

АН-ын сунгаа өндөрлөж, шинэ намын дарга томилогдсоны дараа С.Эрдэнэ вантан Баянголынхноо хувийнхаа амралтын газар амраахаар болжээ. Намынхан нь "Би зургаан удаа санал өгсөн байтал нэг, хоёрхон удаа санал өгсөн хүн яахаараа надтай адил амардаг юм" хэмээн бөөн хэрүүл зарга болсон сурагтай. "Пүрэв тайжийнх хонио хяргасан чинь хамжлагууд нь хар цайгаа булаацалдаад зодолдсон гэнэ лээ шүү, хаха хэхэ" гэдэг л болсон юм даг уу.

АН-ын сунгааны дүн гараад тав хонов. Сунгаанд магнайлсан С.Эрдэнэ энэ сарын 12-нд болох АН-ын их хурлаар тамга тэмдгээ авах юм гэсэн. Намын тамгаа авсан даруйд ҮЗХ-ны хурлаа зарлан хуралдуулж, гишүүдийг нь шинээр томилно гэдгээ мэдэгдсэн. Мөн намын даргын дэргэд хоёр дэд дарга, нэг генсектэй /анх таван нам нэгдэж АН-ыг байгуулж байсантай адилаар/ ажиллах юм гэнэ гэсэн яриа ч бас тараад байна. Энэ үг яг С.Эрдэнийн өөрийнх нь амнаас унасан эсэх нь мэдэхгүй ч хэрвээ тэгвэл сунгаанд удаалсан нөхдөөс зарим нэг нь намын дэд даргад үлдэж мэдэх юм.

Үндсэндээ хоёр cap гаруйн хугацаанд таван нэр дэвшигчийг уралдуулж үр дүнг нь үзсэн АН-ын нөхөд ялалт, ялагдлынхаа шокноос гарч, “цаашид ямар үйл явж болж өрнөх бол” гэсэн хүлээлтийн байдалд ороод байна. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүлэн “Энэ сунгааг С.Эрдэнэд зориулж явуулсан буй заа” хэмээн мэдэгдсэн ч сонсох хүн цөөн.

Сонгуулийн өдөр С.Эрдэнэ нэр дэвшигчийн мөнгө тарааж буй бичлэг /гишүүн асан Ц.Оюунгэрэлийн туслах уг үйлдлийг баримтжуулсан нь С.Эрдэнийг зөвтгөх үндэслэл биш юм/ интернетээр цацагдаж, өрсөлдөгч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нарын сонгуулийн штабаас АН-ын сонгуулийн хороонд гомдол гаргасан ч уг асуудал ингэсхийгээд дарагдах төлөвтэй. Учир нь өнгөрсөн тав хоногийн хугацаанд АН-ын даргын сонгуульд санал өгсөн 89 мянга гаруй гишүүнээс нэг нь ч албан ёсоор гомдол гаргасангүй. Сошиалаар жаап тархсан “АН сөнөчлөө ш тээ”, “Н.Алтанхуяг нь ядахдаа дээр байж уу” гэх халаглалыг эс тооцвол.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ хууль зөрчсөн эсэх нь хамаагүй, сонгогчдын дийлэнх нь ялагчийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр саналыг мөнгөөр худалдаж авах нь ганц С.Эрдэнэ гэдэг хувь хүний ч мораль ч биш, намын нийт гишүүдийн мораль болжээ гэсэн үг. “Мал нь байвал малчин олдоно” гэдэг шиг... 

Хууль ёс, үнэт зүйл, үзэл баримтлал гэх мэтээс илүү өнөөдөр rap дээр тавьж байгаа таван төгрөг, зүг чиггүй амлалт л өнөөдөр АН-ын гишүүдийг залж байна. Энэ л АН-ын эмгэнэл юм. С.Эрдэнэ биш. Намын гишүүдийн итгэл найдвар, хүчин зүтгэл ингэтлээ шалан доогуур орж, тартагтаа тулсан гэсэн үг. Тиймээс үүнд намын олонхыг буруутгахаасаа илүү энэ намыг өдийг хүртэл залж ирсэн үе үеийн дарга нарыг буруутгах нь зүйтэй болов уу.

С.Эрдэнэ гэдэг хүн яах вэ, боломжийг ашиглаж азаа үзсэн л нэг этгээд шүү дээ. АН-ын түүхэнд ийм дарга урьд өмнө ч байгаагүй, цаашдаа ч гарахгүй байх гэж найдаж байна. Харин азтай, одтой явах үедээ гишүүдээ мартсан, намаа мартсан, чиг баримжаагаа гээсэн дарга нараас болж гишүүдийнх нь итгэл найдвар ингэтлээ шалан доогуур шургасан хэрэг.

Жирийн гишүүд бол зүгээр л хулгайч ч бай, хулигаан ч бай хамаагүй, хэн илүү хүчтэй нь энэ намыг авч яваад ямар ч үнээр хамаагүй ялалтад хүргээсэй гэсэн горь тээж байна. Хууль ёс болоод хөгжил дэвшил, улс орны уруудах, өгсөх тэдний хувьд огт хамаагүй болсон байна. Товчхондоо хэн илүү хүчтэй нь ноёрхлоо тогтоодог ширэнгийн хууль руу орлоо л доо.

Сунгааны дүн гарахын өмнө намын гишүүдийн дунд “тэр нь ч дарга болбол би намаасаа гарлаа”, “энэ нь ч дарга болбол АН тарлаа” гэсэн уур бухимдал, буруутгалууд явж л байсан. Өнөөдөр ч гэсэн мөнгөтэй нь, сүлжээтэй нь энэ намыг өмчилдөг юм байна, ерөөсөө энэ сунгаа гэдэг чинь З.Энхболд гэдэг хүний С.Эрдэнэд зориулсан жүжиг байсан юм биш үү? гэсэн эргэлзээ, шүүмжлэл тасраагүй л байна.

Гэхдээ “Ийм учраас С.Эрдэнийг намын даргаар томилохгүй” гэж хэн ч эсэргүүцсэнгүй. Тиймээс намын их хурлаар С.Эрдэнийг томилох нь тодорхой болов. Харин АН-ыг энэ хүний сүүдэрт оруулахгүйн тулд сунгаанд оролцсон бусад нэр дэвшигчид бүгд эрвийх дэрвийхээрээ намынхаа шинэчлэлд оролцох ёстой болж байна. Ж.Батзандангаас бусад нь.

Сонгуулийн дүн гарсны маргааш буюу 30-ны өдөр Ж.Батзандангийн сонгуулийн менежер С.Амарсайхан гэдэг хүний гарын үсэгтэй “С.Эрдэнийг нэрийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасч, хариуцлага тооцож өгнө үү!” гэсэн албан бичиг АН-ын сонгуулийн хороонд очсон байдаг юм. Гэтэл яг тэр мөчид мань хүн хэвлэлийн бага хурал дээр З.Энхболд, С.Эрдэнэ нартай зэрэгцэж суугаад “Намынхаа шинэ даргатай хамтарч ажиллана аа” гээд мишилзэж харагдсан. Энэ хүний явж ирсэн зам мөр дэндүү төвөгтэй бөгөөд АН-ын туулсан замналаас огт өөр юм л даа.

С.Эрдэнэ гэдэг хүн АН биш, АН ч бас С.Эрдэнэ биш учраас сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч АН-ын гишүүд хэрвээ намаа шинэчилье, шинэчлэлийг анх эхлүүлсэн зорилтдоо хүрье гэж байгаа бол урьд урьдахаасаа илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болж байна.

Тэгж байж АН-ын гишүүд өмнөх дарга нараасаа нэхдэг байсан гишүүнийхээ эрх, хувь хүнийхээ эрх чөлөөнд хүрч, “Эрдэнэ вангийн хамжлага” нэрнээс зугтаж чадна. Яагаад гэвэл АН-ын шинэ дарга энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хэтэрхий их зөрчилтэй нэгэн. Гээд яалтай билээ, “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэдэг биз дээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.