Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хариуцлагаас бултсан хоёр парламент

Ж.Нарангэрэл
2017 оны 2 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийг санаачлаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ нь ухаалаг төрийн хүрээнд хариуцлагын тухай хэд, хэдэн хуулийн төслийг боловсруулсны нэг юм.

Уг өнгөрсөн 2015 оны нэгдүгээр сард Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барьсан. Гэвч хуулийн төслийг З.Энхболдын Засгийн газар хэлэлцэлгүй, хав дарсан. Харин сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дахин өргөн барьсан.

Гэвч мягмар гарагт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Уг нь хууль санаачлагчийн зүгээс сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг хоёр эсхүл дөрвөн жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан хэмээж байсан юм.

Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Гэвч энэ хуулийн төсөл өмнөх парламентын үед гишүүдэд “таалагдаагүй” учраас УИХ-ын босго давж чадалгүй унасан. Энэ удаад ч мөн адил тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь улстөрчид өөрсдөдөө хариуцлага тооцох зарчимтай байна гэхээс ёстой “сүнсээ зайлтал айна" гэдэг болж байх шиг.

Өмнөх парламентын үед буюу АН-ынхан төр, засгийн эрхийг барьж байх үед хуулийн төслийг санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хариуцлага гэдэг бол Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүүлэлт. Тиймээс хариуцлага байхгүй бол Ардчилал байхгүй. Манай улс төрийн хуульд хүн томилох тухай заалт байдаг хэр нь тухайн томилсон хүндээ хариуцлага тооцох тухай заалт огт байдаггүй. Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд санаатайгаар хариуцлагын тухай заалтыг орхигдуулдаг.

Төрийн бага болон дунд албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хэдий ч өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдоггүй. Хууль, ёс зүйн дүрмийг ноцтойгоор зөрчөөд албан тушаалаас нь огцруулах, эгүүлэн татах шийдвэр гарсан бол тухайн төрийн албан тушаалтан хоёр жилийн хугацаагаар тэр албан тушаалд эргэж томилогдох эрхийг нь хязгаарладаг ийм хэлбэр рүү оруулахгүй бол болохгүй байгаа” гэж байв.

Түүний хэлснээр хэрвээ батлагдсан бол төрийн сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэх байсан.

Энэ удаа бид хуулийн төслийг хоёр удаа хэлэлцэж “унагасан” хоёр парламентын гишүүдийн хэлсэн үгнээс хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг: Энэ хууль бол Монголын төрийг сульдаасан, дархлааг нь сулруулсан хууль. Юунд хойшлуулах тухай амь аргацаасан юм ярьдаг юм бэ. Наад хууль чинь ердөө 15 байна уу, үгүй юу хүний нийлж бужигнуулах асуудал юм билээ. Хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналтай байна.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ гэдэг чухал асуудал. Монгол төрийн албыг анх ажилд орж босго давах, орсон хойноо алдаа гаргасан бол хариуцлага тооцох гэсэн хоёр шатлалтай гэж ойлгодог. Гэтэл тус хуульд зөвхөн хариуцлагын асуудлыг тусгасан нь өрөөсгөл болсон байна. Энэ хоёр асуудлыг цогцоор нь тусгаж өгөх нь зүйтэй. Өнөөдөр энэхүү хууль нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа. Хуулийн хэлэлцүүлгийг ямар нэгэн байдлаар явуулах хэрэгтэй. Хуульд ямар зүйл заалт орсныг харуулах хэрэгтэй. Үүнийг буцаавал нийгэм хүлээж авахгүй. Энэ хууль бол хамгийн том популизм. Хамгийн их таалагдах хууль.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт: УИХ-ын Тамгын газар сүүлийн үед их сайн ажиллаж байгаа. Ямар нэг асуудал өргөн барихаар ийм тийм баримтын бүрдэл дутуу гэдэг. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй хуулийн төслийг хүлээж авсан байна.

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж: Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэлт гарсан учир УИХ-ын дарга хуулийн төслийг санаачлагчид нь буцаах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Өмнөх их хурлын үед унасан хуулийн төслийг дахин оруулж ирж байна. Хариуцлага хэзээ тооцогддог вэ гэхээр сонгуулиар сонгогдож гарч ирээд хийсэн ажил нь хангалтгүй болбол дараагийн сонгуулиар сонгогчоос санал авах эрхгүй болдог. Ард иргэд хариуцлага алдсан улстөрчдөд хариуцлага тооцсон гэж боддог.

Өнгөрсөн дөрвөн жил эдийн засаг, ард иргэдийн амьдралыг дордуулсан улстөрийн хүчинтэй хариуцлага тооцож МАН-д 65 суудал өгсөн. Ийм л ардчилсан хариуцлагын тогтолцоо хэрэгжиж байгаа. Тиймээс дунд нь хавсаргасан зүйл оруулж сонгуульд ялагдсан тал нь нөгөө хүнийгээ эгүүлэн татах зэргээр эцэс төгсгөлгүй маргаантай асуудал үүсгэж болохгүй.

Дээр нь хамгийн их хариуцлага, шударга ёс ярьдаг хүн маань өөрөө хариуцлагагүй ажилласан маш олон тохиолдол гардаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд гадаад бодлогыг УИХ шийднэ гэж заасан. Гэтэл Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “Монгол Улс төвийг сахина” гэдгийг зарлаж байх жишээтэй. УИХ-аар шийдвэр гараагүй байхад шүү. Төрийн ажлыг үймүүлсэн, хутгасан хүн ийм хууль оруулж ирэх ёс суртахуунгүй гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа хариуцлагын хуулийг өөр байдлаар оруулж ирээд хэлэлцэж болно гэж харж байна. Одоогийн хуулийн төслийг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжих ёстой. Хариуцлагын тогтолцоо хаана хаанаа чанга байх ёстой. Гэхдээ Ерөнхийлөгчийн институци хууль санаачилдаг, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дээр хууль тогтоох засаглалын эрх мэдлийг оруулж ирж төр самардаг ийм зүйлээс бид салах хэрэгтэй. Тиймээс хууль санаачилж байгаа Ерөнхийлөгчийн субъектийн хувьд дэмжихгүй. Магадгүй найман жилийн өмнө энэ хуулийн төсөл орж ирсэн бол дэмжиж болох байсан. Утаа, утаа, утаа гээд найман жилийн өмнө ярьсан бол магадгүй утаа арилах байсан байх. Тиймээс энэ хуулийн төслийг буцаах тухай горимын санал гаргаж байна. Дараагийн намрын чуулганаар хариуцлагын асуудлыг цогцоор нь оруулсан хуулийн төсөл оруулж ирэх ёстой.

Ж.Мөнхбат: Хариуцлагын асуудлыг ярих уг нь зөв. Хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албан хаагчдыг чадваржуулах асуудлыг ярих ёстой. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулиар бол боломжгүй байна. Нэг л жишээ хэлье. Өнөөдөр УИХ-д сонгогдсон гишүүдийн дунд иргэдийн 80 хувийн саналаар сонгогдсон гишүүн байхгүй.

Хорин хувь нь тухайн хүнийг дэмжихгүй түдгэлзэж байгаа юм. Нийт сонгогчдын 15 хувь гэдэг нь 20 мянган сонгогчтой тойрог дээр гурван мянган хүн. Хорин мянган хүнээс 70 хувийн санал авлаа гэхэд үлдсэн 30 хувь нь 4-6 мянган хүн юм.

Энэ хүмүүсийн гарын үсгийг цуглуулахад тогтворгүй байдал үүсэх заалт орсон байна. Энэ тохиолдолд нутагт жинхэнэ талцал, улстөржилт явагдана. Жишээ нь АН-ын УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь эгүүлэн татах асуудлыг ярихын тулд МАН суман дээрээ намын хороогоо хуралдуулж, хуралд ирсэн намын гишүүдийн гарын үсгийг цуглуулж, иргэний үнэмлэхийг нь канондаад хавсаргахад 20 мянган сонгогчтой нэг тойргийн гурван мянган хүний санал цуглачихаж байна.

Ийм байдлаар хариуцлага тооцох асуудал ярьж болохгүй. Гэтэл олон улсын жишигт нийт сонгогчдын 51 хувийг татсан бол гишүүнийг эгүүлэн татах хариуцлага тооцдог. Босго өндөр байх ёстой. Гэтэл 60 хувийн санал авсан хүн 40 хувь эсэргүүцэж эсрэг санал өгсөн хүнийхээ 15 хувийн саналаар гарын үсэг цуглуулж гишүүний бүрэн эрхийг эгүүлэн татах нь улстөржүүлэх, талцал, тогтворгүй байдал бий болгох заалт байна. Дээр нь Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдсөн зүйлүүд ч байна.

Зураг