Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАСГИЙН ГАЗАР: Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк дахь Монгол Улсын хувь оролцоог нэмлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын өнөөдрийн /2017.02.01/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын ерөнхий хувь оролцоог тус бүр нь 120,635 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 143 хувьцаагаар, тусгай хувь оролцоог 71-ээр нэмэгдүүлэхээр тогтлоо.

Ингэснээр хоёр том хөрштэй, далайд гарцгүй манай орны хувьд идэвхтэй гадаад бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг түлхүү ашиглах боломж бүрдэнэ. 

Банкны хувь оролцоо нь гишүүн орнуудын саналын эрх, тус банкнаас авах санхүүжилтийн дээд хэмжээг тогтоох үндэслэл болдог бөгөөд манай улс 0.06 хувийн саналын эрхтэй болж байна.

Дэлхийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ.

Ассоциацаас манай улсад 2015-2017 онд хуваарилсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт тусгасан байна.

Энэ дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци нь гурван жил тутам гишүүн орнуудад санхүүжилтийн эх үүсвэр хуваарилж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө тохиролцдог юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс