Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Би бусад 4 нэр дэвшигчээ өрсөлдөгч гэж хараагүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын удирдлагууд болон даргын сонгуульд оролцсон нэр дэвшигчид Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нэр дэвшигч С.Эрдэнэ, Ж.Батзандан нар оролцов. Харин Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар мэдээлэлд ирсэнгүй.

Мэдээллийн эхэнд намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарын мэдээлснээр

  • Н.Алтанхуяг 2033.08,
  • Ж.Батзандан 1110.77,
  • Л.Гантөмөр 1417.83,
  • С.Эрдэнэ 2928.92,
  • Д.Эрдэнэбат 857.22 оноо авсан байна.

Ийхүү АН-ын удирдлагууд албан ёсоор С.Эрдэнийг намын даргаар томилогдож байгааг мэдэгдлээ. 

Ирцийн тухайд намын шинэчилсэн бүртгэлд 176 мянган гишүүн бүртгэгдсэн бол саналын эрхтэй 120,703 гишүүн байжээ. Үүнээс 85,939 нь саналаа өгч, ирц 71.2 хувьд хүрсэн байна. 

Тус намын дарга З.Энхболд "Бид монголын улс төрийн намын түүхэнд анх удаа энэ ажлыг хийлээ. Одоо намын даргыг гишүүд нь шийддэг болсон. Хуучин системээр сонгогдсон сүүлчийн дарга би байна. Өнөөдрөөс эхлээд нийт гишүүдийнхээ олонхын саналаар сонгогдсон С.Эрдэнэ дарга АН-ын цаашдын реформыг гүнзгийрүүлэн хийж, Монголын улс төрийн голлох намаа ирэх сонгуулиудад ялуулах үүргийг хүлээж байна" гэлээ. 

АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэ "Би 4 нэр дэвшигчээ өрсөлдөгч гэж огт хараагүй. Бид цаашид намын шинэчлэлийнхээ төлөө хамтарч ажиллах болно. Сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан АН маань энэ сонгуулиар хөл дээрээ бослоо. Цаашдаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн болсон гэж харж байна. Биднийг анх өрсөлдөж эхлэхэд таван тийшээ салаад алга болно гэж их олон хүн харж байсан байх. Бид тав нэг үзүүрт сэтгэлээр намын шинэчлэлийн төлөө зорьж ирлээ.Цаашдаа бид намын шинэчлэлийн төлөө хамтарч ажиллах болно. 

Миний хувьд намын үзэл баримтлалыг баримталж, үндсэн дүрмийн шинэчлэлийг яаралтай хийх, бүтцийн шинэчлэлийг хийхээс ажлаа эхлүүлнэ." гэлээ. 

Нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Бид сунгаанд өрсөлдөхөөсөө өмнө хэн нь ч дарга болсон тэр хүнээ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс С.Эрдэнэ даргадаа баяр хүргэе. Таны ялалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлье" гэлээ.


Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-З.Энхболд дарга Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тохироо хийж С.Эрдэнэ гишүүнийг намын дарга болголоо гэсэн яриа гараад байгаа энэ үнэн үү?

З.Энхболд -Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн. 2020 он хүртэл ажил төрөлд очихгүй. Намын хүнд ажлаас холдож амармаар байна.

-Танай намын зарим гишүүд саналаа өгч чадахгүй байна гэсэн. Үүнд тайлбар хийнэ үү?

З.Энхболд -Бүртгэлийн тухайд анхан, дунд шатны намууд хувьчлагдчихаад байна гэсэн юм. Анхан, дунд шатны намын байгууллагад бүртгэхгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг эрхийг нээсэн. Намайг Энэтхэг яваад ирэхэд Хэрэг эрхлэх газар дээр асуудал үүсгэсэн байсан. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 100, 100-гаар нь хэн нь мэдэгдэхгүй бүртгэл хийсэн байсан. Таван нэр дэвшигчээс Л.Гантөмөрөөс бусад нь тухайн гишүүдийн санал өгөх эрхийг хаах санал гаргасан. 

Хавар ҮЗХ-ны гишүүдээ шинэчилнэ. Төв нам дээр цугларсан 16 мянган гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Өөрийн биеэр ирээгүй, нэг хүн 100 100-гаар нь анкет авчирч бүртгүүлсэн. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудад хариуцлага тооц гэдгийг Л.Эрхэмбаяр даргад үүрэгдсэн.

Өөрийгөө од болсон гэж тооцон анхан шатны нам дээр очиж бүртгүүлээгүй М.Батчимэг гишүүн шиг хүмүүс хохирсон байна лээ. Баахан алдартай хүмүүсийн зураг хийгээд, тэрний, энэний саналыг З.Энхболд өгүүлсэнгүй гэсэн байсан. Хэн нэг од болсон гишүүдэд гаргах тусгай шийдвэр байхгүй. АН-ын гишүүн бүр адил эрхтэй.

-Өнөөдрийн мэдээлэлд Ж.Батзандангаас бусад нь ирээгүй байна. Энэ нь таныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож болох уу? Та хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих вэ?

С.Эрдэнэ -Бид тавуулаа байнга уулзаж, цуг явсан. Хэн нэг нь ялагч болсон тохиолдолд нөгөө дөрөв нь үг дуугүй хүлээн зөвшөөрч, баг болж явна гэж ярьсан.

Манай гурван нэр дэвшигчийн хувьд нойр, хоолгүй явж байсан учраас хүндэтгэх шалтгаан гэж харж байгаа. Биднийг бутарч, хагарчаасай гэж хүсч байсан бүлэглэл, хүмүүс байсан. Үүнийг давж чадсан.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд байна. Өнөөдөр би хэн нэгнийг нэрлэхгүй. АН-ын дарга болсон ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би тодруулахгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг саяынх шиг сунгаагаар тодруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ асуудлыг хоёрдугаар сарын 12-нд болох намын VII их хурлаар тавина. 

-Та “Шонхор” фракцын хүн. Фракцуудтай хэрхэн ажиллах вэ?

С.Эрдэнэ -АН-ын даргын сунгаагаар нам өөрөө фракцгүй байх шинэчлэл хийгдсэн. Ямар нэг фракц бүлэглэлийн нөлөөнд орох эрх байхгүй. Би нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана. 

-Та Ерөнхий нарийн бичгийн даргаараа хэнийг томилох вэ? Ж.Батзандан гишүүн АН-ын бүлгийн дарга болох уу?

С.Эрдэнэ -Сонгуулийн дүн дөнгөж гарч байна. Тиймээс томилгоог яаран сандрах ярихгүй. 

-Ж.Батзандан гишүүн АН-ын бүлгийн дарга болох уу?

Ж.Батзандан -Хэн нь ялсан хамтдаа ардчиллын төлөө яваарай гэж бүх гишүүд захиж байсан. Энэ утгаараа өнөөдрийн хуралд ялагчаа хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллахаа илэрхийлэхээр ирсэн. Түүнээс биш албан тушаалын төлөө энд ирээгүй.  

-С.Эрдэнэ гишүүнийг мөнгө тараасан бичлэг цацагдсан байсан. Та үүнд тайлбар өгөөч?

С.Эрдэнэ - Мөнгө тараасан үйлдэл байхгүй. Хэрэв тараасан бол намын даргын суудалд очихгүй байх ёс зүй надад бий. Одоо хэн дуртай нь нэр нүүрээ нуугаад бичлэг хийгээд бусдыг гүтгэх боломжтой болчихсон. 

Тэр бичлэг дээр Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн байсан эмэгтэй гол дүрд нь тоглож, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулсан гэсэн мэдээлэл бий.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.