Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн Худалдааны Танхим Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын "Хөрөнгө оруулагчидтай хийсэн анхны уулзалт"-ыг зохион байгууллаа

ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2017 оны 1-р сарын 25-нд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь  Монгол Улсын Их Хурлын (УИХ) дарга Миегомбын Энхболдын хөрөнгө оруулагчидтай хийсэн анхны уулзалтыг Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтанд АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт  хүндэт зочноор оролцсон юм.  

Энэхүү уулзалтанд АмЧам-ийн гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, олон улсын санхүүгийн байгууллагын тэргүүнүүд, гадаадын худалдааны танхимууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцов. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-аас хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хийж гадаадын хөрөнгө оруулагчидтай санал бодлоо хуваалцан асуулт, хариултын хэлэлцүүлэгт оролцсон юм.

УИХ-ын дарга М.Энхболд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудын талаар хэлсэн үгэндээ

“Бид бодлогын тогтвортой байдал, хууль санаачлах болон засаглалын ил тод байдлыг улам сайжруулах мөн авилгалыг бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн бид өнөөгийн санхүүгийн сорилтыг даван туулахын тулд ОУВС болон  донор байгууллагууд, бусад улс орнууд болох АНУ, ОХУ, БНХАУ болон Япон улстай хамтран ажиллахаар ярилцаж байна” гэсэн юм.

Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ

“АНУ-ын Элчин Сайдын Яам болон АмЧам нь Монгол улсад урт хугацааны, тогтвортой эдийн засгийн өсөлтийг  бий болгох бизнесийн орчин бүрдүүлэхийн төлөө Монгол улсын засгийн газартай хамтран ажиллаж байна.

Тийм болохоор, миний бие АмЧам Монгол болон Ази-Номхон Далайн АмЧам-уудын Зөвлөлийн гишүүн төлөөлөгчдийн бизнес аялалд оролцохоор шийдвэрлээд байна” гэсэн юм.

АмЧам Монголын ТУЗ-ын дарга Жэймс Лиотта арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ

“АмЧамын 2017 оны гол зорилгуудын нэг бол гишүүн компани бүр амжилтын түүхтэй болохыг дэмжиж ажиллах юм.  Учир нь хувийн хэвшлийнхэн буюу том жижиг бизнесүүд бүгд амжилтанд хүрч байж Монгол улс амжилтанд хүрэх болно.

АмЧам болон манай гишүүд Монгол улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргахаар ажиллаж буй УИХ-ын даргын идэвхи зүтгэл, санаачлагыг харахад таатай мөн урамтай байна” гэсэн юм

АмЧамын Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.