Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаев зарим эрх мэдлээ шилжүүлэхээр болсноо зарлав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өөрийнхөө улс орны удирдагчийн үүргийг “Дээд шүүгч” (supreme arbiter) хэмээх шинэ хэлбэрт шилжүүлж байгаатай холбоотойгоор одоогийн эрх мэдлийнхээ зарим хэсгийг парламент болон сайд нарт шилжүүлэхээ Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр зарлажээ.

Нэгдүгээр сарын эхээр байгуулагдсан ажлын хэсэг үндсэн хуульд зохих өөрчлөлт оруулахаар бэлдэж байгааг энэ үеэр дуулгасан байна.

Ингэснээр парламент нь ерөнхий сайд, бусад сайд нарыг томилох эрхтэй болно гэж Назарбаев ярьжээ.

Одоогоор ерөнхий сайдыг ерөнхийлөгч томилж, парламент нь баталдаг юм. Үүний дараа ерөнхий сайд бусад сайд нараа томилохдоо ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авдаг ажээ.

Назарбаевын хэлснээр ерөнхийлөгч нь стратегийн, гадаад бодлогын, үндэсний аюулгүй байдлын асуудлуудад голлон анхаарах гэнэ.

Мөн төрийн байгууллагууд хоорондын харилцаанд шүүгчийн байр сууринаас хандана гэжээ.

Ажиглагчид түүний мэдэгдлийг Казахстанд улс төрийн шилжилт явагдаж байгаагийн илрэл боллоо гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл 76 настай Назарбаевын залгамжлалыг хялбар шийдэгдэхээр өөрчлөлт хийгдэж байгаа гэсэн үг ажээ.

Мөн улс төрийн бүлэглэл дунд Назарбаеваас хойш эрх мэдлээ хадгалж үлдэх боломжийг нээж байгаа тухай зарим судлаачид ярьж байна.

76 настай Назарбаев 1989 оноос хойш Казахстаныг удирдаж байгаа ч одоо болтол залгамжлагчийн тухай яригдахгүй байгаа юм.

Боломжит залгамжлагчдын тоонд Назарбаевын охин, парламентын гишүүн Дарига, ерөнхий сайдын орлогч Имангали Тасмагамбетов, сенатын дарга Касым-Жомарт Токаев нар багтаж байна.

Хэрвээ Назарбаевыг нас барвал үндсэн хууль ёсоор Токаев орлож, сонгууль явуулах хүртэл ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн бичиг баримтыг өнөөдөр буюу 26-нд олон нийтэд хүргэснээр нэг сарын хугацаатай үндэсний хэлэлцүүлэг өрнөнө хэмээн Назарбаев мэдэгджээ. Үүний дараа парламентад хэлэлцүүлэх юм байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty