Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мүүдис агентлагийн зэрэглэл ба санхүүгийн хямрал

Egule Capital
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Мүүдис агентлаг 

Дэлхийд гурван томоохон зэрэглэл тогтоох байгууллага бий. Эдгээр нь Стандарт энд Пүүрс, Мүүдис, Фитч агентлагууд юм. Үүнээс чансаагаар хоёрт Мүүдис агентлаг бичигддэг. 

Мүүдис корпораци (Нью-Йоркын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй корпораци, хувьцааны таних тэмдэг: MCO) нь 2015 оны байдлаар 10,900 гаруй ажилтантай, 4.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй, 36 оронд үйл ажиллагаа явуулдаг АНУ-д төвтэй олон улсын байгууллага юм.

Үндсэн 2 төрлийн бизнестэй. Хамгийн түгээмэл нь зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээ ба үүнээс гадна санхүүгийн судалгаа бүхий зөвлөх үйлчилгээ багтдаг. 1909 онд Жон Мүүдис хөрөнгө оруулагчдад хувьцааны үнэ цэнийн судалгаа санал болгох замаар анх Мүүдис корпорацийн үндэс суурь нь тавигдсан.

1914 оноос эхлэн АНУ-ын хотуудын санал болгож буй бондуудын зэрэглэлийг тогтоож эхлэв. 1924 он гэхэд АНУ-ын бүх бондод зэрэглэл тогтоож дууссан аж. 1970 оноос эхлэн богино хугацаат өрийн үнэт цаас болон банкны хадгаламжуудад зэрэглэл тогтоож эхлээд зогсохгүй, үнэт цаас гаргагч талууд болон хөрөнгө оруулагчдаас шимтгэл авдаг болсон. 2007 онд Мүүдис корпораци зөвлөх үйлчилгээний охин компанийг ажиллуулж, өнөөдөр 1,400 орчим ажилтантай болоод байна. 

Мүүдис корпорацийн мэдээллэж буйгаар 120 гаруй улсын зээлжих зэрэглэл, 11,000 байгууллагын зэрэглэл, 21,000 засгийн газрын болон орон нутгийн үнэт цаас гаргагчийн зэрэглэл, 72,000 үүсмэл үнэт цаасны зэрэглэл өнөөгийн байдлаар тогтоон ажиллаж байна. 

Mүүдис ба 2008 оны санхүүгийн хямрал

Хямралын үед зэрэглэл тогтоох байгууллагуудыг ихээр буруутгасан. Банкуудаас мөнгө авахын тулд ямар ч хамаагүй зэрэглэл өгдөг хэмээн хэлэх хүн зөндөө байв. Хайнга бондын зэрэглэлээс үүдсэн өр төлбөр дефолтоос улбаалан дэлхийд нийт 1.9 их наяд ам.долларын хохирол учирсан хэмээн Блүүмбергээс үзсэн байна.  

Банкууд нь иргэдэд ипотекийн зээл олгодог. Үүний дараагаар тэдгээр зээлээр баталгаажсан үнэт цаас гарган, зэрэглэл тогтоох байгууллагад төлбөртэйгөөр зэрэглэлийг тогтоолгодог. Ихэнх тохиолдолд тэдгээр үнэт цаас нь өндөр зэрэглэл авдаг байв. 
Мүүдис болон Стандарт энд Пүүрс-ийн ажилчид эдгээр ипотекээр баталгаажсан үнэт цааснуудыг мөнгөний үнээ хэмээн хардаг байснаа сүүлд тайлбарласан. 

Мүүдис агентлагийн хувьд 2.3 их наяд ам.долларын өр төлбөрт буруу зэрэглэл тогтоосон хэмээн удирдах байгууллагаас мэдэгдсэн байна. Тус агентлаг 2000-2007 оны хооронд нийт 45,000 ипотекээр баталгаажсан үнэт цаасанд ААА зэрэглэл тогтоосон. Гэтэл үүний дараагаар өдөр бүр 30 үнэт цаасны зэрэглэл бууруулсаар, жилийн дотор 83 хувийг нь зэрэглэл бууруулсан байна . 

Мүүдис агентлаг АНУ-ын Засгийн газарт 864 сая ам.доллар төлөхөөр болов 

2017 оны 1-р сарын 13-ны өдөр Мүүдис агентлаг нь 2008 оны хямралын өмнө эрсдэл бүхий ипотекээр баталгаажсан үнэт цаасанд тогтоосон зэрэглэлийнхээ төлөө 864 сая ам.долларын торгууль төлөхөөр АНУ-ын удирдах байгууллагуудтай тохиролцоонд хүрлээ.

Шүүхээс тус зэрэглэл тогтоох байгууллагыг 2008 оны санхүүгийн хямралд нөлөөлсөн хэмээн үзсэн. Ерөнхий шүүхийн шадар төлөөлөгч Билл Баер хэлэхдээ “Мүүдис өөрийн зэрэглэлийн стандартын үл дагаагүйгээр барахгүй, ил тод байж чадаагүй” гэжээ.

Энэхүү асуудлыг тэргүүлсэн Коннектикут мужийн шүүх Мүүдис агентлагыг хараат бус байдлаа умартан хураамжид улайрсан, улмаар ипотекоор баталгаажсан үнэт цаасны зэрэглэлийг мэдсээр байж хөөргөсөн хэмээжээ. Коннектикут мужийн шүүхийн төлөөлөгч Жеорж Жепсон нь мэдэгдэлдээ “Мүүдис агентлаг өөрсдийн харилцагчид болох томоохон хөрөнгө оруулалтын банкуудын шахалтаар зэрэглэлийг ийнхүү тогтоосон” хэмээжээ

Мүүдис агентлаг торгуулийн 437.5 сая ам.долларыг нь ерөнхий шүүхэд, 426.3 сая ам.долларыг нь Вашингтон болон бусад мужуудад хуваан төлөхөө мэдэгдсэн.

Мөн Мүүдис агентлаг хийж буй зэрэглэлийнхээ бодит байдлыг хангах үүднээс цаашид судалгааны ажилчдыг арилжааны шинжтэй хэлэлцээрээс хол байлгах болсон байна. Үүнтэй адилаар 2015 онд дэлхийн хамгийн том зэрэглэл тогтоох байгууллага болох Стандарт энд Пүүрс агентлаг ижил нөхцөл байдалд орж, улмаар 1.375 тэрбум ам.доллар төлсөн түүхтэй.

Мүүдисийн хувьцаа 2017.1.13-ны баасан гаригт 96.96 ам.доллар дээр хаагдсан. Өмнө нь 2016.10.21-ны өдөр ерөнхий шүүхээс Мүүдисийн эсрэг хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хувьцаа 5.4 хувиар унаад байгаа аж. Тус үйл явдал хувьцааны үнийг аврах эсвэл уналтыг үргэлжлүүлэх нь тодорхойгүй байсаар байна.