Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Арбитрын тухай хуулийн дагалдах хуулиуд Үндсэн хууль зөрчөөгүй гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 52 хувийн ирцтэйгээр 10:20 цагт эхлэв. 

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг жагсаалтыг батлах үеэр зарим гишүүдээс гарсан саналыг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Арбитрын тухай хуулийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж болох уу. Энэ хуулийг дагалдаж байгаа зарим хууль нь Үндсэн хуультай зөрчилдөөд байна” гэсэн санал гаргав.

Дээрх асуудалд Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Арбитрын тухай хуулийг 20 хууль дагалдаж байгаа. О.Баасанхүү гишүүний яриад байгаа шиг зүйл байхгүй. Тухайн салбарт гэрээ хэлцэл байгуулж байгаа хоёр талд хэрэг маргаан үүсвэл Арбитраар шийдэх үү эсвэл шүүхээр шийдэх үү гэсэн сонголтыг л тавьж өгч байгаа юм. Бүгдийг нь шүүхээс болиулаад Арбитраар шийдэх гээд байгаа юм байхгүй. Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Миний бие өвөлжилт хүндэрсэн аймгуудад Онцгой байдлынхантай ажиллаад ирлээ. Сар шинийн баяраас хойш өвөлжилт улам хүндрэхээр байна. Энэ асуудлыг авч хэлэлцэн, олон нийтийн анхааралд оруулах боломж байна уу” гэсэн санал гаргав.  

УИХ-ын дарга М.Энхболд түүний саналд “Өвөлжилтийн байдлын талаар Засгийн газар юу гэж үзэж байна. УИХ-ын түвшинд танилцуулаад дэмжлэг авах хэрэгтэй гэж үзэж байгаа юу. Одоогоор тийм асуудал орж ирээгүй байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд дээр сайд нар энэ асуудлаа танилцуулах байх” гэсэн хариулт өглөө. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах  саналыг Байнгын хороонд гаргасан. Төрийн албанд нэлээн их халаа сэлгээ хийх төсөл орж ирж байна. Сум, дүүргийн ИТ-өөр сонгогдсон бүх хүнийг төрийн албан хаагч болгох хуулийн төсөл орж ирж байгаа. 

Давхар дээл гэдэг зүйл Засгийн газар, УИХ-ын түвшинд байсан бол төрийн албаны бүх түвшинд байх боломж нээгдэх гэж байна. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг хууль санаачлагчид нь буцаах саналтай байна” гэлээ.

Түүний энэ саналыг өнөөдөр хэлэлцэх асуудлыг жагсаалтын долоодугаарт байгаа уг хуулийн төслийг хэлэлцэх үеэрээ шийдэхээр боллоо. 

Эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтоох болон сонгуулийн үеэр хэрэглэх техниг хэрэгслийн асуудлыг хэлэлцэж байна.