Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-Мексикийн хил дагуу хана хэрэм байгуулах тушаал гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн туршид амлаж байсан АНУ-Мексикийн хил дагуу хана хэрэм босгох санаагаа хэрэгжүүлэх эхний алхмыг Дональд Трамп өчигдөр хийлээ.

Бие даан шийдэх боломжгүй ч тэрээр холбогдох байгууллагуудыг энэхүү ажилд бэлдэж эхлэхийг уриалсан байна.

Трампын тушаалд Мексикийн засгийн газраар хана босгох зардлыг гаргуулах тухай дурдсангүй. Харин АНУ-ын дотоодыг аюулаас хамгаалах байгууллагыг энэхүү төсөлд шаардлагатай хөрөнгө мөнгийг тооцоолох, Конгрессоор төсөв батлуулах, Холбооны нөөцөд байгаа хөрөнгө мөнгийг хуваарилах зэргийг даалгасан байна.

Өөрөөр хэлбэл бодит ажил болохоос өмнө хийх ажил их байгааг түүний тушаал харуулжээ.

Урьдчилсан төсөөллөөр хил дагуу 3,200 км орчим урттай хана хэрэм байгуулахад $25 тэрбум зарцуулагдана гэсэн тооцоо бий.

Үүнээс гадна Дональд Трамп АНУ руу ирэх гадаадын иргэдийн урсгалд хязгаарлалт хийх тушаалд гарын үсэг зурахаар бэлдэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Ингэснээр муслимууд голлодог Иран, Ирак, Судан, Сири, Ливи, Сомали, Иемен гэсэн долоон орны иргэдэд 30 хоногийн хугацаанд АНУ виз олгохгүй болж байна. Мөн эдгээр долоон оронд 2011 оны гуравдугаар сараас хойш зорчсон Америк биш ямар ч үндэстнүүдийг хилээр энэ хугацаанд нэвтрүүлэхгүй гэнэ.

Үүнээс гадна АНУ-д визгүй зорчдог байсан, ихэвчлэн Европчууд багтсан нийт 38 орны иргэдийг үүнээс хойш визгүй жуулчлах эрхгүй болгох ажээ.

Дөрвөн сарын хугацаанд АНУ ямар нэг дүрвэгч хүлээж авахгүй байхаар тушаалын төсөлд бас тусгажээ.

Тушаалын төсөл бэлэн болсон бөгөөд удахгүй батлах гэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Quartz