Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг нүцгэнээр дүрсэлсэн бүтээл маргаан дэгдээв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Албан тушаалаасаа түдгэлзээд байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг шоглосон зураг тус улсын улс төрийн хүрээнд маргаан дэгдээгээд байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт парламентын ордны танхимд нээгдсэн уран зургийн үзэсгэлэн дээр ерөнхийлөгчийг нүцгэнээр дүрсэлсэн бүтээл тавигджээ. Уг үзэсгэлэнг парламент дахь гол сөрөг хүчин болох Солонгосын Ардчилсан Намын гишүүн Пё Чан Вон зохион байгуулсан байна.

Гэвч эмэгтэй гишүүдийн эсэргүүцлийг хүлээж авсан ордны захиргаа өчигдөр буюу Мягмар гарагт үзэсгэлэнг хаахад хүрсэн гэнэ.

 

Ардчилсан Намын зүгээс Пё гишүүнийг ёс зүйн коммист шалгуулж, хариуцлага тооцуулахаар болжээ. Тэдний үзэж байгаагаар энэ зураг нь үзэл бодлоо илэрхийлэх хил хязгаарыг давсан бүтээл гэнэ.

Тус намын төлөөлөгч Пак Кюн Ми “Хэдийгээр бүтээл нь хошигнолын өнгө аястай ч хууль тогтоогч хүн ийм үзэсгэлэнг зохион байгуулах нь зохимжгүй гэж үзэж байна” гэжээ.

Тэр бас “Пё гишүүн үзэл бодлоо илэрхийлсэн гэж өөрийгөө өмөөрч байгаа. Гэхдээ бүтээл нь анти-феминист үзлийг илэрхийлж байна” гэсэн юм.

“Бохир нойрсолт” гэсэн нэртэй уг зурагт 2014 онд Севол хөлөг живэх үед Пак ерөнхийлөгчийг гоо сайхны хагалгаанд орж байсан гэх яриаг шоглон үзүүлсэн байна.

Ингэхдээ Эдуард Монегийн “Олимпия”, Жиоржионигийн “Нойрсож буй Венус” зэрэг сонгодог бүтээлүүдийн хэлбэрийг ашиглажээ.

Зураг дээр ерөнхийлөгч нүцгэн нойрсож байгаа бол түүний найз, дуулианы эзэн Чой Сүүн Сил бөөн тариур бариад хажууд нь зогсож байгаа юм. Мөн цонхоор нь далайд живж буй Севол хөлөг харагдаж байгаагаар дүрсэлжээ.

Бүтээлийн эзэн, зураач Ли Ку Ён осолдсон Севол хөлгийн эмгэнэлт үйл явдлын үеэр долоон цаг орчим сураггүй байсан гэх ерөнхийлөгчийг элэглэсэн гэж тайлбарласан байна.

Үзэсгэлэнд ерөнхийлөгч Пак Гын Хэг шүүмжлэгч, түүний хар жагсаалтад багтсан гэх 20 уран бүтээлч оролцсон ажээ.

Эрх баригч Саенури нам мөн эсэргүүцлээ илэрхийлж “үг хэлэх эрх чөлөөний нэр дор Пак ерөнхийлөгчийн нэр хүндийг унагаж байна” гэсэн байна.

Харин үзэсгэлэнг зохион байгуулсан Пё гишүүн өөрийгөө хил хязгаарыг зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байгаагаа твиттер хуудсандаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Korea Times

Зураг
14 | 18 | 20 цаг