Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Лондон, Сингапур явж Арбитрийн шүүхэд хандах шаардлагагүй болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолж буй.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулна гэж хууль санаачлагч Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцолсон. Уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах асуулт, саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Иргэний хуультай холбоотой 2014, 2015 онд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 40, 30 мянган маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн. Гэтэл монголын Арбитр дээр 40, 70-хан маргааныг жилдээ шийдэж байна. Заавал шүүхэд очихгүйгээр Арбитраар маргаанаа шийддэг байх бололцоог нээж өгч байна. Өнөөдөр яагаад монголдоо биш гадаадад маргаанаа шийдүүлээд байна вэ гэхээд манай улсын Арбитрийн хуулийн орчин сул учраас Лондон, Сингапур, Хонконгт асуудлаа шийдүүлээд байна. Хэрэв дэлхийн жишигт нийцсэн, шаардлага хангасан хуультай болчихвол өөрийн эх орондоо Арбитраар маргаанаа шийдүүлж олон нийт Арбитрт итгэх итгэлтэй болж энэ нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар ашигтай ч хууль юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Алтан Дорнодын шийдвэр гадаадад гарч байхад атаархаж байсан шүү. Тухайн үед ямар ч байсан Арбитрт хандах хэрэгтэй гээд хандсан. Ил далд янз бүрийн яриа гардаг л юм билээ. Гэхдээ тэр үед 160 хуудастай шийдвэр монголын талд гарсан юм.

“Хан ресурс”-ын маргаанд бид зөв хандсан бол яаах байсан бол гэж боддог л юм. Хэрэв монголын Арбитр шударга ажиллаад ирвэл хөрөнгө оруулагч нарыг татах боломжтой. Шүүхээр орсон асуудал Арбитраар ордоггүй, Арбитраар орсон асуудал шүүхээр ордоггүй байх ёстой шүү".

Нэмэлт мэдээлэл:

Арбитраар хэдэн хэрэг шийдвэрлэдэг вэ? 

2015 онд шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт 40,674 иргэний хэргийн 21,521 хэрэг буюу 53 хувийг нь шүүх хуралдаанаар, 13,972 хэрэг буюу 34.3 хувийг хялбаршуулсан журмаар, 5,181 хэрэг буюу 12.7 хувийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нийт 21,521 хэргээс Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 20,805 буюу 51.1 хувийг эзэлж байна.

Хэрэг маргааны төрлөөр авч үзвэл 2014 онд анхан шатны шүүхээр 33,996 хэрэг, 2015 онд 40,674 хэрэг маргаан шийдвэрлэжээ. Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 33,254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21,242 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн тоо өмнөх оноос 1,209 хэрэг буюу 6 хувиар өссөн байна.

Харин Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт 2014 онд 41 маргаан, 2015 онд 70 маргаан, 2016 оны эхний найман сарын байдлаар 110 маргаан хүлээн авснаас 58 хэрэг маргааныг нийтдээ хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрыг ашиглах явдал тус улсад тун хангалтгүй байна.