Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс интернэт орчиндоо цэвэрлэгээ хийж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Хятадын үзэл суртлын хяналт, хаалт болдог интернэтийн “Great Firewall” системийг нэвтлэхийн тулд ашиглагддаг VPN үйлчилгээнүүдийн эсрэг 14 сарын аяныг энэ долоо хоногоос эхлүүлж байгаагаа Бээжингийн эрх баригчид Ням гарагт зарлажээ.

Аж үйлдвэрлэл, Мэдээллийн Технологийн яамны мэдэгдэлд бүх кабелийн болон VPN үйлчилгээ эрхлэгчид засгийн газраас зөвшөөрөл авахыг шаардсан байна. VPN (Virtual Private Network) үйлчилгээг ашиглан иргэд хууль бус сайтууд руу нэвтэрдэг юм.

Энэ долоо хоногт эхэлж байгаа цэвэрлэх ажиллагаа 2018 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх гэнэ.

Хятад улс дэлхийн хамгийн их хандалттай 1,000 вэбсайтын 135-ыг нь хэрэглэхийг хориглож, хаасан байдаг. Тэдний дотор Google, Facebook, Twitter, YouTube зэрэг сайтууд багтдаг юм.

Хятадын ихэнх хэрэглэгчид засгийн газрын хаалтыг нэвтлэхийн тулд VPN үйлчилгээнүүдийг өргөнөөр ашигладаг.

Энэхүү ажиллагаа нь 2017 оны намар болох коммунист намын 19 дүгээр их хурлыг угтсан бэлтгэл гэж ажиглагчид үзэж байна. Арван жил тутамд болдог энэхүү чухал арга хэмжээний үеэр төрийн эрх мэдлийн шилжилт хийгддэг юм.

Дээрх ажиллагаа хэрэгжсэнээр Хятадын хэрэглэгчид гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдах аюултай тулгарч байна. Өмнө нь Бээжингийн эрх баригчид VPN үйлчилгээ эрхлэгчидтэй олон жил муур хулгана болж тоглосон бол энэ удаа шийдэмгий арга хэмжээ авахаар болсон бололтой.

 

Эх сурвалж: Korea Times

Зураг
13 | 18 | 18 цаг