Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Доржханд: "Хөсөгтөн баг" дэлхийн НЭР ХҮНДТЭЙ театруудад аялан тоглолтоо хийнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Авъяаслаг Азиуд тэмцээний дэд байрын шагналт Хөсөгтөн хамтлаг тун удахгүй АНУ болон Канад улсаар аялан тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан "Хөсөгтөн баг-Дэлхийн тайзнаа-2017" төслийн удирдагч, Фервент корпорацийн гүйцэтгэх захирал Н.Доржхандтай ярилцлаа.


- “Хөсөгтөн баг-Дэлхийн тайзнаа 2017” төслийн тухай тайлбарлахгүй юу?

- Хөсөгтөн хамтлагийн ахлагч Ариунболдын хэлсэн “Зэвсэг бариад хил дээр зогсож чадахгүйгээс хойш, Зэмсгээ бариад дэлхийд Монголоо сурталчилъя” гэдэг гайхалтай сайхан үг байдаг.

Тусгаар тогтнол талаас нь ярьвал манай улсын оюун санааны тусгаар тогтнолын хамгийн том баталгаа нь хэл, соёл, тэр дундаа язгуур урлаг томоохон байр суурийг эзлэнэ.

Тиймээс бид энэ жилээс эхлэн Монголоо сурталчилах зорилгын хүрээнд үндэсний соёл урлагаа дэлхий дахинд таниулж байгаа "Хөсөгтөн" хамтлагтай хамтран 2017 оны гуравдугаар сард АНУ, Канадыг зорин нийт 10 хотоор аялан тоглоход бэлэн болоод байна.

- Энэ төслийн нэр нь их сонирхол татаж байна. “Хөсөгтөн баг-Дэлхийн тайзнаа 2017” буюу “БАГ” гэдэг үгийн учир юу вэ?

- Манай этник чиглэлийн хамтлагууд дундаас Английн Royal Albert Hall-д тоглолтоо толилуулсан, Сингапурт зохиогдсон "Авъяаслаг Азиуд" наадамд оролцож 2-р байр эзлэн шуугиулж байсан цорын ганц хамтлаг бол мэдээж "Хөсөгтөн".

Тэд өмнө нь дэлхийн олон орнуудаар аялан Монгол соёл, дуу хуураа сурталчлан таниулахдаа голцуу гадны байгууллага, хувь хүмүүсийн урилгаар явдаг байсан бол энэ удаад Монгол компанитайгаа санаа зорилгоо нэгтгэн нэг баг болж, үндэсний урлаг соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгыг өвөртлөн мордох гэж байгаа нь маш том санал, санаачилга юм шүү дээ.

Өөрөөр хэлбэл, Монголынхоо өв соёлыг сэргээх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй Монгол кино, контентийн www.miye.mn вэбсайтын маань алсын хараа, "Хөсөгтөн" хамтлагийн маань уран бүтээлийн зорилго, чиг хандлага хоёр нийлж байгаа тул үүнийгээ нэгтгэн энэ аялан тоглолтыг багийн системээр зохион байгуулъя гэсэн шийдэлд хүрсэн хэрэг.

- Аялан тоглолтын талаар ярьвал?

- Аялан тоглолт маань АНУ-ын зургаа, Канадын дөрвөн хотод үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй томоохон театруудад зохион байгуулагдана. Ингэхдээ бид "Хөсөгтөн" хамтлагийн сор болсон дуунуудыг, Монголчууд бид дэлхий ертөнцөд, хүн төрөлхтний түүхэнд ямар хувь нэмэр оруулсан юм гэдэг мөн чанарынх нь үүднээс өгүүлэн тайлбарласан видеотой хослуулан харуулах юм.

Нөгөө талаар энэхүү аялан тоглолт Монголын язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд батлан харуулах өндөр ач холбогдолтой учраас бид мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, дэлхийн жишигт нийцсэн томоохон тайзуудтай хамтран ажиллаж байна.

 

Сонирхуулж хэлэхэд энэхүү тоглолтыг Netflix-ийн "Марко Поло" цувралыг санаачлагч, АНУ-ын нэрт зохиолч Жон Фуско Нью Йорк хотноо өөрийн биеэр хүрэлцэн ирж, дэмжин оролцохоо мэдэгдсэн нь тоглолтын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа сайхан хэрэг гэж бид үзэж байгаа.

Ер нь "Хөсөгтөн" хамтлаг нь АНУ-д анх удаа тоглож байгаа тул дэлхийн кино болон хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй зарим уран бүтээлчид уг тоглолтыг маань үзнэ гэсэн мэдээллүүд бидэнд ирсээр байгаа.

Мөн АНУ, Канад улсуудад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маань, тэнд төрж өссөн үр хүүхдүүддээ Монголынхоо язгуур урлаг, өв соёлыг үзүүлэх, таниулах нэг сайхан боломж гарч ирж байгаа юм шүү дээ.

- Дэлхийн томоохон театруудад тоглолтоо хийх нь. Энэ тухайд?

- Дэлхийн алдартай театрууд гэхээсээ илүү нэр хүндтэй тайз гэвэл зохимжтой байх. Бид тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангах явцдаа АНУ дахь НҮБ-ын Байнгын Төлөөлөгчийн Газарт тоглолтын тухай товч мэдээлэл явуулсан юм.

Гэтэл НҮБ-д Монгол Улсаа төлөөлөн ажиллаж байгаа байгууллагаас бидний энэ санаачлагыг дуу нэгтэй дэмжиж, Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын төв танхимд тоглолтыг маань зохион байгуулахаар болсон нь Монголынхоо соёл урлагийг сурталчлах маш том боломж гэж бидний зүгээс баяртайгаар хүлээн авсан.

Үүгээр зогсохгүй Өндөр гэгээн Занабазарын ховор нандин бүтээлүүдийн тодорхой хэсгүүд хадгалагддаг, дэлхийд хосгүй үзмэрээрээ алдартай Нью Йоркийн алдарт Рубины музей, Сан Франциско хотын өндөр зэрэглэлийн Трокмортон театруудад тоглолтоо толилуулах гэж байна.

Эдгээрээс Беркли их сургуулийг онцолмоор байна. Учир нь энэхүү алдартай сургууль бол гадаадын их дээд сургуулиудаас хамгийн анх Монгол хэлийг зааж эхэлсэн сургууль юм.

Бахархууштай нь энд манай ардын зураач Н.Цүлтэм гуайн охин, урлаг судлаач Ц.Уранчимэг эгч багшлахын сацуу өөрийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд Монгол судлалын чиглэлээр томоохон хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Манай баг Ц.Уранчимэг эгчийн дэмжлэгээр тус сургуульд мөн тоглолтоо хийх гэж байгаадаа туйлаас баяртай байгаа.

- Аялан тоглолтын үеэр болох онцгой арга хэмжээнүүд болох юм байна. Энэ талаар ярихгүй юу?

Бидний энэ аялан тоглолт Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, мөн Канад улс байгуулагдсаны 150 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог. Энэ сайхан тэмдэглэлт баяруудад бас оролцон тоглоно.

Мөн жил бүр Канад улсын Торонто хотод уламжлал болон зохион байгуулагддаг, жил бүр дэлхийн 100 гаруй орноос 25,000 орчим хүн ирж оролцдог Олон улсын Уул уурхайн томоохон хурал болох юм. Уг хурлыг "Хөсөгтөн" хамтлаг маань нээж уран бүтээлээ толилуулах гэж байна.

Энэ дашрамд "Хөсөгтөн" багийн маань санаачилсан энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд дэмжин, хамтран ажиллаж байгаа Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон Канадын Оттава, АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдад гүн талархал илэрхийлье.

- Энэ өргөн цар хүрээ бүхий аялан тоглолтын бэлтгэл ажил нэлээн их байгаа байх. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байгаа вэ? Мөн аялан тоглолт маань аль хотоос эхлэхээр төлөвлөж байна вэ?

Энэ төслийг бид эртнээс, төлөвлөж бэлдсэн. Одоогоор “Хөсөгтөн баг-Дэлхийн тайзнаа 2017” аялан тоглолтын маань бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Энэ том ажилд "Хөсөгтөн" багийнхнаас гадна АНУ, Канадын тоглолт хийх хот бүрт тодорхой багууд ажиллаж байгаа.

 

Тоглолтынхоо албан ёсны нээлт болгож бид Монголынхоо хүүхэд, залууст язгуур урлаг, өв соёл, уламжлалт хөгжмийн зэмсэг, дуу хуураа сурталчилах үүднээс 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улсын Драмын Театрт бүрэн хэмжээний тоглолтоо амжилттай зохион байгууллаа.

Ингээд 2017 оны гуравдугаар сарын 3-нд Канад улсын Оттава хотоос манай аялан тоглолтын гараа эхэлж, нийт 10 хотоор яваад 3-р сарын 26-нд Лос Анжелос хотод хамгийн сүүлийн тоглолтоо хийснээр өндөрлөх юм.

- Даяаршиж буй энэ цаг үед уламжлал, өв соёлоо хамгаалж авч үлдэх нь хамгийн чухал шүү дээ. Энэ талаар хүүхэд залууст хандан юу гэж захих вэ?

- Бид өөрсдөө язгуур урлагаа ямар гайхалтай вэ гэдгийг тэр бүр сайн мэдэж, ойлгохгүй байна. Бидэнд байгаа хамгийн том мөнхийн өв соёлыг бид өөрсдөө сурталчилж таниулахгүй бол өрөөл бусад бидний өмнөөс хийхгүй шүү дээ.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат Зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, профессор С. Дулам гуай нэгэнтээ "...Монголын соёлын нэг онцлог бол нүүдэлчний соёл учраас цээж эрдэм, биет бус соёл маш ихтэй. Гэтэл биет бус соёл гэдэг үрэгдэх, мартагдах, эргэж буцалтгүйгээр үгүй болох аюултай байдаг. Амьдралын утга учрыг өөрийнхөө хэдэн үе уламжилж, залгамжилж ирсэн соёл уламжлалаа хойч үедээ дамжуулах, үүний төлөө тодорхой алхам хийх, амьдрах гэсэн ойлголт дэлхийн соёлт орнуудад байдаг. Тиймээс өв соёлоо авч үлдэхийг хичээдэг хүн бүрийг сэхээтэн гэж үздэг" хэмээн маш сайхан онож хэлсэн байдаг. Би үүнтэй санал нийлдэг.

Тэгэхээр түмэн олон маань энэ сайхан ардын дуунуудаа, хөөмэйгээ, морин хуурын уянгалаг сайхан аялгуугаа үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээе гэж хүсч эрмэлздэг бол бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаарай, бидэнтэй нэгдээрэй гэж хүсч байна.